ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эр хүн хэлсэндээ шүү

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-11-15

“Тэнэг хүн дуугүй байхдаа сүртэй” гэдэг үгийг Ж.Энхбаяр гишүүнд хэвлэлийнхэн олон удаа сануулж буй. Гэвч тэр дахиад л дуугарав. Энэ удаа харин илүү улс төрийн зоригтой мэдэгдэл хийлээ. Өмнөх шиг ээ, “Би тэнэг юм. Бизнес хийж байсан хэдэн залуусыг хөлдөө чирчихлээ. Би тендер аваагүй. Бас концесс ч аваагүй. Зөвхөн ЖДҮХС-гаас үхэр өсгөх гэж  мөнгө зээлсэн” гэсэн утга авцалдаагүй тайлбар өгсөнгүй. Ийм тэнэг тайлбар нь нэр хүнд авчрахгүйг мэдсэн учраас энэ удаа оноо авахад илүүтэй анхаарчээ. Өчигдөр тэр “УЕПГ-аас түдгэлзүүлэх санал орж ирвэл УИХ-ын гишүүнээсээ татгалзаж байгаад шалгуулахад бэлэн” гэж мэдэгджээ. Сайн байна, хэлсэндээ хүрээрэй. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг дээ.

Үнэхээр л улс төрийн эрх зориг гаргаж түдгэлзэж байгаад шалгуулж гэмээнэ таныг эр хүн гэж үнэлье. Харин УИХ-д Авлигын эсрэг лобби бүлэг байгуулж, шударгаа гайхуулж явснаа ЖДҮХС-гаас мөнгө авчихсан шиг хоёр нүүр гаргаж гэмээнэ дахин итгэх хүн олдох нь юу л бол. Шударга имиж бүрдүүлэхийг хүсэж байгаа л бол тэр замаараа л дуус гэж зөвлөе. Магадгүй эрх мэдэл, албан тушаалаас үргэлж хойно хоцорч, үлдэж мэдэх л юм. Гэвч ард түмний өмнө цагаан мөртэй явах нь 950 сая төгрөгөөс үнэ цэнэтэй гэдгийг сануулах нь илүүц биз ээ. 2020 оны сонгуульдаа бэлтгэж шоудлаа хэмээн шүүмжлэх хүн олон байгаа ч танд ичих нүүр үлдсэн бол энэ үгэндээ эзэн болоорой, өөр зүйлгүй дээ. Сайн эцгийн нэр нүүр байна даа. УИХ-д олон жил суусан зангаргаа бодсон ч хууль шалгана аа гээд ороод ирэхэд хулчийхгүй гэдэгт итгэж байна.