ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудал газар авч, МАН-ын бүлгийн ан цав томорч байгаа энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн бүлгийн дарга боллоо. Өмнөх дарга Д.Хаянхярваа нь хагарсан бүлгээ эвлүүлэхийн оронд нэг талд нь гарч гүйсэн. Унасан хойноо ч Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулах гээд чичирч явна. Уг нь бүхэл бүтэн 64 гишүүнтэй эрх барьж байгаа намын бүлгийн дарга гэдэг арай зангарагтай байх ёстой. Одоо тэр зангаргыг Д.Тогтохсүрэн танаас нэхэх болох нь. Та азтай хүн юм. Үнэмлэхүй ялалт байгуулсан, юу ч хийсэн эрх мэдэлтэй намын бүлгийн дарга болно гэдэг хэн хүний хүсээд олдох албан тушаал биш. Цаашлаад сайдын суудалд суух, илүү өндөр албан тушаалд хүрэх замаа заслаа.
Тэр утгаараа та азтай хүн юм. Нөгөө талаас нь харвал та азгүй хүн юм. Эрх барьж байгаа нам хоёр хуваагдаж, улсаас хэн нь илүү хулгай хийсэн бэ гэдгээрээ уралдаж, уралцаж байхад эвийн цавуу болох албан тушаалд суулаа. Ажлаа авсан даруйдаа та мэдээлэл хийж, “Бүлгийн гишүүдийн эв нэгдлийг хангахын төлөө ажиллана” гэж хэлсэн. Өөрөө хоёр тал болсон бүлгийн голд нь зогсч байсан хүн биш. Нэг талд нь зогсч байгаад одоо дунд нь орно. Эв нэгдлийг сахиулах гэдэг тийм ч амар биш. Хуучин бүлгийн дарга чинь Засгийн газраа огцруулах гээд гарын үсэг цуглуулаад явж байна. 16, 17 гишүүн гарын үсэг зурчихсан сураг гарлаа. Ийм үед бүлгийн дарга болно гэдэг аз гэхээсээ илүү ачаалалтай. Хэлсэндээ хүрч, хэрүүлийн бузраас намаа аврахыг хичээгээрэй дээ. Чадахгүй бол Засгийн газар огцрох л болох байх.