УИХ-ын 75 улстөрч улс төр бужигнасан энэ өдрүүдэд хэн нь хэн бэ гэдгээ олон нийтэд харуулж байна. Зарим нь шударга бусыг хийчихсэн атлаа шударга дүр эсгэх гэж оролдов. ЖДҮ-ийн зээлийг дагасан бужигнаан төр түшилцсэн улстөрчдийн жинхэнэ нүүр царайг нь илчилж өгсөн учраас одоо л ард түмэн хэн нь шударга улстөрч юм, хэн нь баг өмссөн хулгайч байсныг мэдэж байгаа нь талархууштай. УИХ-ын гишүүдийнх нь талаас илүү хувь нь ард түмнээсээ хулгай хийчихсэн байхад Их хурал сайн ажиллаж байгаа хэмээн гишүүдээ өмгөөлж, тарахгүй гэж гүрийж байгаа М.Энхболд даргын үнэн төрхийг ч бид мэдлээ, ойлголоо. Ерөнхийлөгчөөс чадамжгүй УИХ өөрөө тар гэсэн санал явуулахад бүгд л арьсаа хамгаалж, “бид сайн ажиллаж байна” хэмээн гүрдийв.
Тэгвэл нэг ч гэсэн улстөрч энэ танхимд суухаасаа ичдэг л юм байна. Овоо доо. Тэр бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат байлаа. Өнгөрөгч бямба гарагийн чуулганы үеэр тэрбээр “УИХ, Засгийн газар хоёулаа ард түмнээр шавхуурдуулах цаг нь болсон. ЖДҮ-ийн үнэнийг хэлсний төлөө гүтгэлээ, барьж хорино, хэрэг үүсгэнэ гэж байна. Энэ арай дэндлээ. УИХ-ыг тараах гарын үсгийг би өөрийнхөө албан бланк дээр цуглуулна. Дэмжих гишүүд нь гарын үсэг зураарай” хэмээв. Ж.Мөнхбатын үг олон түмэнд таалагдлаа. Нэг ч гэсэн улстөрч УИХ-ынхаа бодит үнэнийг хүлээн зөвшөөрлөө. Нэг ч гэсэн хүн нийгмийн бухимдлыг ойлгож, улстөрчийн суудлаасаа татгалзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Хэн хүнээс гарахгүй л улс төрийн зориг байв.
МАН, АН-ын залуус үүнийг нь дэмжээсэй. Цаана нь ямар шалтгаан байгааг мэдэхгүй ч залуу улстөрчийн хувиар танхимынхаа ичгэвтэр байдлаас ичиж, тарааж байгаад илүү эрүүл парламент бүрдүүлнэ гэж санаачилга гаргасныг нь дэмжихээс өөр яалтай. Сайн байна, Ж.Мөнхбат гишүүн ээ. Улс төрийн эр зориг гаргасанд тань талархая. УИХ, Засгийн газар нь хариуцлагаа хүлээж, улс төрийг цэвэршүүлэхгүй л бол тамын тогооны үлгэр болсон төр засгаас цаашдаа юу ч хүлээгээд нэмэргүй болсон. Тиймээс ард түмэнд сонголтоо эргэж харах боломж өгч, парламентаа илүү эрүүл болгох нь нийгмийн хүлээлт гэдгийг мэдэрчээ.