ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жудгаа гээгч

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-23

Монголчууд хийморь сүлдээ хурдан хүлэг, хүчит бөхөөрөө төсөөлдөг ард түмэн. Гэвч түмний итгэл дээр дэвсэлж, бөхийн ёс жудаг, төлөвшлөө хаана ч юм гээж орхисон хэдэн бөх байдгийн нэг нь Улсын харцага Г.Ганхуяг.
Тэр жил “Босоо хөх Монгол” гэх хөдөлгөөнийхөө залуусын хамт “Бурхан халдун” ууланд аялж явсан өвөрмонгол жуулчинд эр бяраа гаргаж, өмнөө сөгдүүлэн бичлэг хийж, түүнийгээ соошл сүлжээнд тарааж байв. Бүр бүдүүлэг үйлдлээ хэнд ч юм гайхуулж, бусдыг алгадсанаа гайхуулан фэйсбүүк хуудастаа бичиж байсан нь саяхан. Гэвч, энэ үйлдэл нь олны дургүйцлийг төрүүлж, улсын нэр хүндийг гутаасан түүний ам руу интернэт хэрэглэгчид нэг сайн алгадаад авсан юм даг. Тэгвэл тэнэг үйлдлээ бахархал гэж андуурсан харцага Г.Ганхуяг өчигдөр мөн л соошл сүлжээнд адлагдаад амжлаа.

Учир нь үндсэрхэг үзлээрээ өөрийгөө дөвийлгөх Улсын харцагын үхсэн халиун буганы дэргэд ангийн буу барьж, “шар” найздаа тэврүүлэн бахархалтай нь аргагүй зогсох зураг нь соошлд дэлгэгдсэн юм. Өөрийнх нь тайлбарласнаар таван жилийн өмнө гадны анчдыг урьж авчран, хөгширсөн бугануудыг хядуулахдаа тэр уг зургаа даруулсан гэнэ. Харин “Монгол Гөрөөчин” гэх бүлгэм түүний эл зургийг нийтэлснээр, бизнес нь ил болсон юм байх. Хэдий зөвшөөрөлтэй ан хэмээн тэр өөрийгөө зөвтгөх авч, дархан цаазтай ховордсон амьтныг алж дэргэд нь зургаа даруулж, түүнийгээ нийтэд цацах нь лав Монгол бөхийн ёс жудаг, эр хүний сайхан чанар биш байлтай. Үүнээс гадна, түүний согтуудаа эр бяраараа аархаж, гэмгүй иргэдийг зодож танхайрсан гэх хэргүүд нь одоо ч хуучраагүй байна. Монгол бөхийн нэр хүндийг хамгаалж, ард түмний хүндлэлийг дааж явах ёстой Улсын харцага хүн ёс жудгаа “тэнэглэл”-ийн өмнө гээсний нэг баталгаа нь энэ шүү.