ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Чимид: Улаанбаатарын бүх том модыг уулнаас авчирч тарьсан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-05-24

-Би үлдсэн насаа чимээгүй хотыг ойжуулахад зориулна-

Дендрологич, биологийн ухааны доктор, профессор Б.Чимидийг энэ удаагийн “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа. 

 

-Улаанбаатар хот урин цагтай зэрэгцээд өнгөө  за­саад эхэллээ. Хотын өн­гө үзэмж, ногоон байгууламж­тай та зүй ёсоор холбогдох хү­ний нэг. Тиймээс ажил, мэр­гэжилтэйгээ хэрхэн хол­богдсон түүхээс чинь ярилц­лагаа эхлэх үү?
 

-Ойн инженер мэргэжлээр сургууль төгсөөд ойн аж ахуйн даргаар гурван жил, Ойн аж үйлдвэрийн яам гэж байхад ойжуулалт хариуцсан мэргэжилтнээр таван жил ажилласан юм. Хот тохижилт хариуцсан даргаар ч хэдэн жил ажилласан.  Түүний дараа Хотын  захирагчийн албанд ерөнхий дендерлогичоор очиж байлаа. Тухайн үед  30 га­руй  настай л байсан байх. Ин­гэж хотын байгууламжтай мэр­гэжлээ холбосноос хойш 40 гаруй жил өнгөрсөн байна.
 

-Хотыг тохижуулах, ногоон байгууламжтай болгох ажил хэдий үеэс эхэлсэн юм бэ?
 

-1940 оноос эхэлсэн. Улаанбаатар хотын гудамжинд байгаа өндөр хар мод, нарс, гацуурыг Богд уул, Тэрэлж зэрэг газруудаас авчирсан юм. Түүний дараа мод үржүүлгийн газар  байгуулагдаж, улиасыг тарьмалжуулсан. Мөн бут,  сөөг, улиас хар модоор хотын ногоон бай­­гууламжийг бүтээж байлаа. 
 

-Хот ногоорохгүй байна. Ногоон бай­гуу­ламж хангалтгүй байна гэх шүүмж­лэл их гарах юм. Та энэ зүйлд ямар хариулт өгөх вэ?
 

-Зах зээлийн нийгэмд шилжиж,  газар хувьч­лагдаж, барилга байгууламж нэмэгд­сэн. Дэд бүтэц, дулаан цахилгаан, ус байхгүй газар бүтээн байгуулалт өр­нөнө гэж үгүй. Тиймээс үүнийгээ дагаад манай хот улам шигүү болсон. Сайхан ногоон байгууламжтай талбай ч бүтээн байгуулалтад өртсөн. Хүн ам нэмэгдэхийн хэрээр нэг хүнд ногдох цэцэрлэгжүүлсэн талбай ч дагаад багассан хэрэг. Түүнээс биш  устаж, алга болоогүй. Жил бүр но­гоон байгууламжийг зохих ёсоор хийж байна. Хөрөнгө мөнгө төсөвлөж, мэр­гэжилтэй боловсон хүчин бэлтгэж байна. Хотын ногоон байгууламжид 7.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Гэвч энэ их мөнгө биш. Улаанбаатарт байгаа бүх модыг услаад, арчлаад явбал хаана ч хүрэхгүй. Харин байгаа зүйлдээ зарцуулалт хийж байна. Ту­хайлбал, БНХАУ-ын Эрээн хот жилд ногоон байгууламжид 150 тэрбум төг­рөгийг төсөвлөдөг. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь амьд уушги  юм гэдгийг ойлгох  ёстой. Байшин барилга, зам талбайгаас илүүтэй ногоон байгууламждаа анхаарах хэрэгтэй. Бид суурин биш нүүдлийн соёлтой ард түмэн. Суурин газрын амьдралд дасаагүй. Суурьшмал амьдралд дассан хүн орчин тойрноо цэцэрлэгжүүлж, жимсжүүлдэг. Энэ бол дэлхийн жишиг. Гэтэл манайхны сэтгэхүй нүүдэлчин маягаараа байна. Гадаадад олон жил амьдарсан хүн Монгол муухай байна гэж хэлдэг. Цагтаа манайх Азийн цагаан дагина гэгдэж явсан. Гэхдээ  одоо айхтар сүйдээд болохоо байсан зүйл алга. Үүнийг өөдрөгөөр харах хэрэгтэй. Хамгийн чухал нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ёстой. 
 

-Ногоон байгууламжтай болгох талбай манайд олон  байна шүү дээ?
 

-Тийм ээ. 30 гаруй мянган га талбайд гэр хороолол байна. Тэгэхээр иргэн Дондог хашаагаа ойжуулчихвал болно шүү дээ. Харин ийм сэтгэхүй алга. Хашаандаа мод­той  айл цөөхөн, бараг байхгүй байна. 
 

-Хүн бүхэнд ийм боломж байгаа ч хийдэггүй, хийхийг хүсдэггүй?
 

-Экологийн боловсрол хамгийн чухал. ЕБС-д биологи, амьтан судлалын хичээл заадаг. Эдгээр хичээлээр эсийн тухай ойлголт, амьтны үржил заах жишээтэй. Харин  Мойлын дотор байдаг нь моносны үр, самрын ясыг тарихад хүч мод ургадаг гэдгийг заахгүй байна. Тиймээс л орчноо тохижуулахгүй, хар шороон дунд  амьдарч байгаа хэрэг. Гэр хорооллын 30 гаруй мянган га газ­рыг тохижуулбал, Улаанбаатар хот битүү ой болно. Эргэн тойрон но­гоон байгууламж бий болно шүү дээ. Өнөө­дөр бүгдийг нь орон сууцанд оруулчихвал гэр хороолол устчих юм шиг зүйл ярьдаг. Нэг хашаанд 2-3 айл байна. Газрыг нь  авбал нэг айл орон сууцанд орно. Нөгөө айл нь дахиад нэг хороолол үүсгэнэ шүү дээ. Хотын байгууламж гээд байгаа парк, цэцэрлэгийг хашчихаад манай цэцэрлэг гэж ярьдаггүй юм. Харин үүнийг үтэр түргэн ойжуулах ёстой. Нэг га-д 500-600 ширхэг мод байхыг хэвийн ой гэж үздэг. Тиймээс Сүхбаатарын өмнөх  талбайг 400-500 ширхэг том модтой болгох хэрэгтэй. Тэгж байж нэг га ой 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлдэг. Тэр үүргээ мод гүйцэтгэх ёстой. Мөн чимэглэлийн модоор хотоо сайхан чимэх хэрэгтэй. Маш гоё цэцэглэдэг 20 орчим зүйлийн модоор нийслэлийг чимэх боломжтой. Монос, гүйлс, долоогоно гэх мэт цагаан ягаан цэцэг гаргадаг модыг тарьчихвал сайд, гуйлгачин хоёрын аль аль нь цэвэр агаараар амьсгална. Нэг нь тусгай агаар хэрэглэхгүй шүү дээ. Экологийн боловсрол бага учир үүнд давхар анхаарах хэрэгтэй. Энэ зөвхөн хот тохижуулалтын ажил биш. Зарим айл хашаанд нь мод тариад өгье гэхээр “Манай хашаанд мод тарих зай байхгүй. Орж ирвэл нохойгоо тавина” гэж айлгадаг. Тэр ч бүү хэл дэлхийн хоёрдугаар дайнд Германд цэрэг ногоон байгууламжийн саадаар тойрч гараад буудуулсан тохиолдол байдаг. Гэтэл манайхан сайхан ногоон байгууламж дээгүүр гишгэлээд л гардаг. Энэ нь тархинд нь байгаа юм. 
 

-Ногоон байгууламжийн сайн, муу бүхий л зүйл тантай холбоотой. Та санал нийлнэ биз дээ?
 

-Хотод дендрологич ганц байлаа. Тэгэхэд Хөххот 80 дендрологичтой байж билээ. Ганцхан хүн юу хийх юм бэ. 80 хүний сэтгэхүй гарахгүй шүү дээ. Тэр ч бүү хэл найман хүний дайтай сэтгэхгүй. Гэвч би өөрийгөө өмгөөлөхгүй. Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлт хэвийн хэмжээнд байна. Гадуур гудамжаар алхахад л харагдана. 
 

-Том модны талаарх мэдээллийг та сонссон байх. Зарим нь хайран мод гэлцэж байхад нэг хэсэг нь  тайрч, огтлохоос өөрцгүй гэх мэтээр янз янзаар тайлбарлаад байна. Та үүнийг хараад эмзэглэв үү. Яаж хүлээж авсан бэ?
 

-Цахимаар хайран мод гэлцээд л шагширч байна. Үүнийг өдөөдөг, тархийг нь угаадаг цөөн хүн бий. Харин үтгэр түргэн том модоор ойжуулах ёстой гэдгийг би инженер хүний хувьд мэддэг. Дэлхийн бүх хотод том модыг авчраад ойжуулдаг. Мод үржүүлгийн газар манайд хангалттай төвшинд хүрээгүй байна. Тиймээс ойгоос авчрах ёстой юм. Яагаад гэхээр 500-600 модыг хэвийн ой гэж үздэг юм бол өнөөдрийн ширэнгэ шиг болсон ойг 3-4 төрлийн огтолт хийж байж, хэвийн ой болгодог. Цэвэршүүлэх, арчилгааны  гэх мэт олон огтлолын давтамжтай хийнэ. Тэгж байж сийрүүлэх огтлолт хийнэ. Ингэснээр ой хэвийн болдог. Манай Алтай, Хангай, Хэнтийн ой бол ширэнгэ. Шатахад бэлэн байна. Ширэнгэд гарсан түймрийг  хэн ч унтрааж чадахгүй. Харин хэвийн  ой шатдаггүй. Би Дорнод аймагт байхдаа гэртээ хонолгүй 15 хоног түймэрт явж байсан.  Өнөөдөр Булнай, Ханатайн нуруу бүгд шатсан шүү дээ. Онгоц хүртэл сүйрсэн биз дээ. Тэгэхээр түймрийн голомт шиг ой байгаа юм. Үүнийг сийрүүлээд авч байгаа. Гэтэл үүнийг хайран мод гэж шогшрох юм. Ингэхээр байгаль экологид хохирол учирдаг гэж дандаа ярина. Хоёр жил дөрвөн мянган мод авч байна. Энэ бол ганцхан уулын аманд байдаг мод. Улаанбаатарт байгаа бүх том модыг  уулнаас авчирч тарьсан. 
 

-Жижиг мод тарих талаар хэсэг бүлэг хү­мүүс зөвлөөд байсан. Энэ бо­ломж­той юу?
 

-Жижиг шилмүүст мод Улаанбаатарт  өвөл­жиж, зусч, намаржиж чадахгүй. Учир нь үзүүр нь маш нарийхан тул жилд 1-2 см –ээр нэмэгддэг. Тэгэхээр хотод ийм жижигхэн мод тариад ургуулах юм бол хөгшин миний нас бүү хэл залуус та нарынх гүйцэхгүй. Харин навчит моднууд бол өөр. Тайраад байсан ч ургадаг. Орон сууцны хорооллууд хүртэл том модоор орчны тохижилтоо хийж байна. Тэгэхээр яагаад Улаанбаатарын  гудамжинд том мод ургаж болдоггүй юм бэ гэж асуумаар байна. 
 

-Зарим том моднууд үхсэн тохиолдол байна уу эсвэл бүтээн байгуулалтад саад болоод байхаар устгасан юм болов уу?
 

-Цөөн тооны том мод үхсэн тохиолдол бий. Суулгачихаад арчлахгүй хаяхаар үхнэ шүү дээ. Тарьсан хүн хаяж, тариулсан дүүрэг нь ч хаясан. Хотын захиргааны үүдэнд 33 нарс байгаа. Хотын ерөнхий дендрологич байхдаа би 2007 онд тариулсан юм. Наадам болохоос хэд хоногийн өмнө тарьсан. Тэгээд 11 жил болоход ганцхан мод үхсэн. Явуугийн цэцэрлэг гэж бий. Тэнд том моднуудыг авчирч тарьсан байгаа. Наад зах нь хүний гар хүрэхгүй өндөр байх ёстой. Жижиг шилмүүст мод үзүүр нь гэмтсэн бол дээшээ ургадаггүй юм. Тэр үед дөрвөн мянган мод тарьсан. 11 нь үхсэн. Үр дүн нь 90 гаруй хувьтай. Гэтэл 80-аас дээш хувь нь ургасан тохиолдолд болно гэж үздэг. Хэрвээ 80 хувь гэж үзвэл 300 модыг нь авч хаяхаар байгаа биз дээ. Ингэвэл намайг цаазлана биз. Аливаа зүйлийн сайныг нь олж харах хэрэгтэй. Тухайлбал, авто ослоор өдөрт нэг хүн нас барж байна. Жилд 360 хүн нас барж байна. Хэрвээ энэ 360 хүн онгоцонд явж байгаад сүйрсэн бол 1000 жил ярина биз дээ. Өдөрт нэг хүн бурхны оронд очиж байгааг тоохгүй хэрнээ бөөн хүн болохоор айхтар ач холбогдол өгөөд байдаг. Улаанбаатарт байгаа жижиг мод хэдэн саяараа үхэж байна. Амьд бүхэн үхнэ, мөхнө. Тавдугаар сургуулийн урд хэдэн үхчихсэн  улиасыг үндэсээр нь тайрч авсан. Үхчихсэн модыг авч хаяна шүү дээ. Бурхны оронд очсон хүнээ бид хөдөөлүүлдэг биз дээ. Үхчихсэн мод байгаад байхад авч хаяхгүй яах юм бэ. Үхсэн, амьдыг нь мэдэхгүй байж гозойгоод байж байвал болно гэж боддог бололтой. Хэдий ийм ч мэргэжлийн хүний хувьд энэ бол үнэхээр таагүй явдал. Хэдэн жилийн өмнө би Их тэнгэрийн аманд зөвлөхөөр ажилласан юм. Тэнд 80-100 настай 504 гацуур үхсэн байсан. Дэлхийн олон зочдыг хүлээж авдаг буудлын хажууд үхсэн байсан юм. Энэ бол Ю.Цэдэнбалын үед тарьсан мод. Эд үхжихжээ, үүнийг авах хэрэгтэй гэдгийг хэлсэн. Гэтэл Төрийн тусгай хамгаалалтын албаны дарга “Би  амьд байсан цагтаа Богд уулнаас мод огтлохгүй” гэж дэмийрч байсан. Дараа нь Байгаль орчны сайдын зөвшөөрлөөр үхсэн модыг нь авч байсан юм. Үхсэн модыг авах ёстой. Тэгэхээр хүн бүрийг экологийн боловсролтой болгож, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байж Улаанбаатар утаагүй болно. Юун тэр дээвэр туурга, утаагүй зуух. Гал түлж байгаа нөхцөлд гарна шүү дээ. Мөн хаа сайгүй айдас чихүүцэл төрүүлэхүйц оршуулгын газар байна. Зөвхөн 70 давхарт гэхэд 250 мянган оршуулга байгаа. Үүнийг бүгдийг ойжуулмаар байна. Ингэхдээ 1-2 настай хайлаас тарина. Хэдхэн литр ус хийгээд орхичих. Тэд чинь өөрсдөө ургана. Би үлдсэн насаа чимээгүй хотыг ойжуулахад зориулна.  Хойч үедээ хийж буй буян гэж бодоод мод тарина. Түүнээс нохой, шувуу хооллоод буян ирдэггүй. Тэр чинь өөрсдөө хоолоо олоод идчихдэг юм.