ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Замын эвдрэлийн гурван нүхний хоёрыг нь нөхдөг

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-05-24

Улаанбаатар Дархан хоорондын замын арчлалт засварыг тухай бүрт хийдэггүйгээс үүдэн осол аваар маш их гардаг. Үүнээс үүдэн тус замыг “Үхлийн зам” хэмээн иргэд, жолоочид нэрлэх болсон билээ. Тус замд жилдээ нэг удаа урсгал засвар хийж байгаа мэт харагддаг боловч гурван нүхний хоёрыг нь нөхсөн болоод нэгийг нь орхисон байдаг аж. Улаанбаатар Сэлэнгэ чиглэлд зорчсон нэг иргэн фэйсбүүк хуудастаа “Новш юм аа. Та нар авсан мөнгөндөө тааруулж замаа зас л даа.

Энэ янзаараа байвал мөнгө өгөхгүй шүү” хэмээн бухимдлаа илэрхийлсэн байв. Тэрбээр “Сэлэнгээс Улаанбаатар хот орохын тулд нэг талдаа 4000 төгрөг хоёр талдаа 8000 төгрөг төлдөг аж. Өдөрт хэдэн мянгаараа зорчиж буй машин бүрээс 4000-32000 төгрөгийн Замын сангийн хураамж авдаг атлаа тус замаа засахгүй байгаа нь жолооч, зорчигчдын бухимдлыг төрүүлсээр байна” гэв.

Тиймээс жолооч нарын дунд хүчтэй шүүмжлэл дагуулаад буй “Үхлийн зам”-ын нөхцөл байдлыг манай сонин сурвалжилсан юм. 2017 оноос Концессын гэрээгээр бетонон хучилттай дөрвөн эгнээ зам тавигдахаар яригдаж байсан боловч уг гэрээ цуцлагдсан байна. Улаанбаатар Дархан чиглэлийн зам засварт хэчнээн төгрөг төсөвлөдөг, хэдэн удаа урсгал засвар хийдэг талаар тодруулахаар Зам тээврийн хөгжлийн яамны, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Оргил-Эрдэнэтэй уулзлаа. 

Caption

Х.Оргил-Эрдэнэ: Манай улсын зам 80 км/ц-ын хурдтай явахад зориулагдсан

-Улаанбаатар Дархан чиглэлийн авто замын засвар ашиглалтыг сайжруулж, засвар арчилгаа хийхгүй байгаа талаар иргэд ихээр шүүмжилж байна. 2018 онд зам  засварын ажилд хэдэн төгрөг зарцуулах вэ?
 

-Иргэдийн дунд гараад байгаа гурван нүхний хоёрыг бөглөж байна гэдэг шүүмжлэл нь цэвэр санхүүжилттэй холбоотой. Манай яам зам засвар арчлалтад жил бүр 55-60 тэрбум төгрөгийн төсөв батлуулахаар оруулдаг боловч сүүлийн тав, зургаан жил  20 тэрбум төгрөг болгож баталсан. Тиймээс гурван нүхний хоёрыг бөглөх нь аргагүй. Гэхдээ бид тухайн харьяаллын АЗЗА-ын компаниудыг нүхээ бөглө, замын аюулгүй байдлыг хангаж ажилла хэмээн үүрэг болгодог. Автомашины осол аваар гарч болзошгүй хэмээн гэрээний хариуцлагын хүрээнд л энэ ажлыг хийж байна.   Хойд чиглэлийн босоо тэнхлэгийн зам 1937 онд анх ашиглалтад орсон. 2000 онд засвар шинэчлэл хийснээс хойш нэг ч засвар шинэчлэл хийгдээгүй. Замын норм стандартаар 12-13 жилд их засвар хийх ёстой. Хөдөлгөөний эрчмээс хамааруулан өнгөрсөн жил дөрвөн эгнээтэй бетон хучилттай зам барихаар концессын жагсаалтад оруулахаар холбогдох арга хэмжээг авч ажиллаж байсан. Энэ нь маш өндөр өртөгтэй төсөвт дарамт учрахаар байсан тул барих ашиглах шилжүүлэх биш, барих шилжүүлэх ийм нөхцөл үүссэн.
 

Тиймээс концессын төслийг Үндэсний хөгжлийн газраас Засгийн газарт  цуцлуулахаар оруулж дэмжүүлсэн. Концессоор төсөвт дарамттай зам барьснаас гадаадын хөнгөлөлттэй зээлээр барих нь зөв юм гэж үзээд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр барих шийдвэр гарсан. Одоогийн төсөөллөөр уг замыг барихад 60 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэх тооцоо судалгаа гарсан. Энэ асуудлыг дөрөвдүгээр сард УИХ-аар хэлэлцэн баталсан. Шинээр тавих зам одоо зургаан метрийн өргөнтэй байхаар яригдаж байгаа. Цаашид 7-8 метр өргөн болгох эсэхийг шийдэх байх.
Манай Улс 6200 километр хатуу хучилттай замтай. Үүний 1180 километр замд их засвар хийх зайлшгүй шаардлагатай болсон. Замын засвар шинэчлэлийн ажлыг гадаадын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх шаардлагатай байгаа. 

 

-Замын санд жилд хэдэн төгрөг төвлөрдөг вэ. Тэр мөнгийг хэрхэн яаж зарцуулдаг вэ?
 

-Засгийн газрын 103 дугаар тогтоолоор машины даац, жингээс хамаарч 1000-10000 хүртэл төгрөгийн хураамж авдаг. Энэ мөнгө авто замын санд цугладаг. Жилдээ зургаагаас долоон тэрбум төгрөг цугладаг. Үйл ажиллагааны зардалд нэг тэрбум төгрөгийг зарцуулаад үлдсэн мөнгийг улсын төсөвт төвлөрүүлэн буцаагаад 20 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг. Хураамж нь эргээд засвар арчлалтад зарцуулагддаг. Олон улсын жишигт 200-300 км замд нэг мөнгө хураах цэг байх ёстой гэж үзвэл улсын хэмжээнд 31 мөнгө хураах пост байх ёстой. Гэтэл манайд 19 цэгт мөнгө хурааж байна.
 

-Хойд чиглэлийн зам автомашиныг эвдэлдэг талаар иргэдээс гомдол шүүмжлэл их гарч байна?
 

-Өнөөдөр жолооч нар хурд хүч сайтай машин унаж байна. Гэтэл манай улсын зам 80 километр цагийн хурдтай явах машинд зориулж хийгдсэн зам. Жолооч нар хурдаа тааруулж л явах хэрэгтэй байна.

Зам тээврийн ослын нэг хувь нь замын эвдрэлээс шалтгаалдаг

Замын ашиглалт засварын ажилд хяналт тавьж ажилладаг Зам тээврийн хөгжлийн төв, Зам засвар ашиглалт хяналтын хэлтсийн хойд бүс нутаг хариуцсан хяналтын инженер Д.Отгонбаяртай уулзаж Хойд бүсийн авто замын эвдрэл гэмтлээс болоод автомашины осол аваар хэчнээн гарсан талаарх судалгаа мэдээлэл байдаг талаар  тодрууллаа. Тэрбээр “ЗТХТ нь олон улс болон улсын чанартай авто замын засвар арчлалтын ажлыг гүйцэтгэдэг компаниудыг хариуцаж, авто замын бэлэн байдалд хяналт тавьж ажилладаг. Хойд чиглэлд гарч байгаа зам тээврийн осол гэмтлийн нэг хувь нь замын эвдрэлээс шалтгаалсан байсан.

Автозамын бэлэн байдал бүрэн хангагдаагүй гэдэг нь үнэн. Бидэнд шаардлагатай хөрөнгө алга. АЗЗА-ын компаниудын машин тоног төхөөрөмж техник хэрэгслийн хүчин чадал хүрэлцэхгүй байна. Нөгөө талаар автозамын бэлэн байдал муу байгаа нь ганцхан биднээс шалтгаалахгүй.

Хөдөлгөөнд оролцогч жолооч нар өөрсдийн амь нас эд хөрөнгийг хамгаалахын тулд автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах ёстой. Замын хөдөлгөөний дүрэмд хот хоорондын хөдөлгөөнд оролцох хурдыг 80 км/цаг гэж заасан. Ихэнх осол аваар бэлэн бус тээврийн хэрэгсэлтэйгээр хурд хэтрүүлж явснаас үүдэн гарч байна.

80 километр цагийн хурдтай явах ёстой зам дээр 120-160 километр цагийн хурдтайгаар явж машинаа эвдчихээд автозамын бэлэн байдал хангагдаагүйгээс болоод машин эвдэрч байна гэх жолооч олон байна. Жолооч, зорчигчдын амь нас эрүүл мэндийг хамгаалахын тулд замчид сэтгэлээрээ ажилладаг. Нэмэх 40 градусд 180 градусын халуун асфальт тарааж зам засч, хасах 40 градусын хүйтэнд мөн л замын цас цэвэрлээд зогсож байгаа. Бороо шороо үл хайхран ажилладаг, зам хэрэглэгчид хөдөлгөөний хувийн соёлыг хангаад явбал асуудалд эерэг өөрчлөлтүүд гарна” гэв. 
 

Мөн тэрбээр авто зам хэрэглэгчид соошлд худлаа мэдээлэл оруулдаг. Тавьсан мэдээллийнхээ дагуу эдгээр хүмүүс хариуцлага хүлээдэггүй. Тавьж байгаа шүүмжлэл шаардлагыг бид хүлээж авна гэхдээ мэдээлэл бодитой баймаар байна хэмээн учирлаж байсан юм.
 

Замын цагдаагийн алба, урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн ахмад Б.Лхагважаргалаас замын эвдрэл гэмтэл зам тээврийн осол гарах гол шалтгаан мөн үү биш үү гэдэг асуудлыг тодруулахад “Жил бүр хөлдөлт гэсэлтийн үед засмал зам маш их эвдэрдэг. Энэ үеэр замын цагдаагийн харьяа алба нэгжүүд замын эвдрэл гэмтлийн тооллогыг хийж шалтгаан нөхцлийг судлан, тухайн замын эвдрэлийг арилгах талаар автозамын арчлалтын компанид замыг засч өгнө үү гэсэн албан тоот бичиг явуулж, урьдчилан сэргийлэн хамтарч ажилладаг.

2017 онд улсын хэмжээнд 35679 зам тээврийн осол гарсан үүнээс замын нөхцөл байдлаас болсон осол 44 тохиолдол байна. Энэ нь тухайн авто замыг тавьсан байгууллагад тавигдсан акт гэж ойлгож болно. Замын эвдрэл гэмтлээс үүдэлтэй осол нийт ослын 0.1 хувийг эзэлж байна. Замын эвдрэлээс үүдэлтэй ослоос шалтгаалан хүний амь нас эрсдээгүй.

Замын нөхцлөөс шалтгаалсан зам тээврийн ослын хохирлыг тухай зам байгууламжийг хариуцсан байгууллага, аж ахуй нэгж бүрэн хариуцах ёстой. Гэхдээ хохирол нөхөн барагдуулсан тохиолдол одоогоор байхгүй. Жолооч нартаа зөвлөхөд нэгдүгээрт, хурдаа тохируулж явах хэрэгтэй. Хоёрдугаарт хамгаалах бүсээ тогтмол зүү. Таны амь насыг хамгаална. Маш энгийн энэ хоёр зүйлийг анхаарахад жилдээ орон нутгийн замд 300-400 хүний амь нас эрсдэхгүй.

Зөвхөн 2017 онд зам тээврийн осол гэмтлийн улмаас 55 хүүхдийн амь нас эрсэдсэн. 47 хүүхэд орон нутгийн замд гарсан ослын зорчигч болсон. Хүүхэддээ хамгаалалтын суудалд авч өг. Боломжгүй бол суудал өндөрсгөгч авч өгөөд хамгаалалтын бүрийг заавал бүслүүлэх хэрэгтэй. Том хүн хамгаалалтын бүсээ зүүгээгүйгээс болж амь насаа алддаг бол хүүхэд бүс зүүх ёстой гэдгийг мэдэлгүй, хорвоог таньж мэдэлгүйгээр амь насаа алдаж байгаа нь эмгэнэлтэй байна” гэв.
 

Улаанбаатар Дархан чиглэлийн замыг “Баянчандмань АЗЗА”, “Дархан АЗЗА” гэх төрийн өмчит хоёр компани хариуцдаг аж. Эдгээр компанийн нэгд нь 800-аад сая төгрөг, нөгөөд нь 600-аад сая төгрөг төсвөөс өгдөг байна.