ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Суудлаасаа зуурагч

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-27

УИХ-ын дарга М.Энхболд саяхнаас гишүүн гэдгээ гэнэт мэдрэв. Ерөнхий сайдыг огцруулахаар  27 гишүүн гарын үсэг зурахад УИХ-ын даргын нэр тууж яваа харагдсан.  УИХ-д яг одоо сууж байгаа 75 гишүүний 64 нь МАН-ынх. Үндсэндээ МАН-аас их хурал бүрдсэн гэсэн үг. Парламентыг удирдаж байгаа даргын хувьд Засгийн газраа унагах ажилд оройлон оролцоод явж байгаа нь ёс зүйтэй үйлдэл мөн үү. Өөрөө “Миний УИХ-ын гишүүний эрх байгаа” гэж тайлбарлав. Өчигдөр гэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд УИХ-ын гишүүний хувьд сууж, Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд гэгээн дүрээ харууллаа.  Барагтай л бол байнгын хорооны хуралд үзэгддэггүй, энд тэнд ил гардаггүй хүн Засгийн газар огцруулах болохоор гарч ирээд, намынхаа хагарлыг томсгоод сууж байх юм. Телевизээр яриа өгөхдөө “Шинэ МАНАН гарч ирэх нь.

Өмнө нь би удирдаж ч байсан, хамтарч ажиллаж ч байлаа.  Би У.Хүрэлсүхэд газар өгч байсан” гэх мэт хов яриад сууж байна. Хамгийн тулхтай гэсэн дүр төрхийг өөртөө шингээдэг УИХ-ын дарга, том намын лидер ингэж болох уу. УИХ-ын даргынхаа ажлыг өг гэхээр “Би намын даргын ажлаа өгсөн. Харин хариуцлагатай цаг үед зугтахгүй” гэсэн тайлбар хийгээд сууж байгаа.  Ард түмэн УИХ-ын дарга өөрчлөгдөх ёстой гэдэгт санал нэгдэж байгааг ярилцлагынхаа шууд бичлэгийн дор бичиж байгаа хүмүүсийн сэтгэгдлээс хараарай.  Одоо суудлаасаа зуурч суугаад яах билээ. Зүгээр л огцроод, ажлаа өгөөд, УИХ-ын гишүүний хувиар чуулган, байнгын хорооны хуралдаа суугаад явбал яасан юм бэ. Нийслэлийн Засаг даргаас эхлээд Ерөнхий сайд, МАН-ын дарга, УИХ-ын дарга гээд суугаагүй албан тушаал алга.  Тэр үед өөд нь татаж чадаагүй. Харин ч 60 тэрбумын хэрэгт нэр холбогдоод, намынхан нь үнэн гэж баталж сууна. Ийм үед ажлаа өгөхгүй бол хэзээ өгөх билээ. Суудлаасаа зууралдаад яах вэ, одоо байр сууриа тавьж өг. Энэ улсад өөрчлөлт, шударга ёс хэрэгтэй байна.