“Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн” энэ бол эцэг өвгөдөөс минь хэлэлцэж ирсэн, цагийн шалгуурыг давсан зүйр цэцэн үг. Гэтэл бидний хувьд хамгийн шилдэг хөвгүүд, охидоо сонгон илгээдэг хэмээн боддог, тэгэх ч ёстой төрийн дээд байгууллага УИХ-д эрдэмтэй хүний шинж байхгүй нөхдүүд хөлөөр нэг хөглөрч байна. Тухайлбал, номтой нэртэй ч номгүй нэгэн гишүүн бий. Түүний хувьд ах зах, дарга цэрэг гэдэг ойлголт байхгүй гэдэг нь уржигдархан болсон бүлгийн хурлын үеэр гаргаж буй авираас нь илт харагдаж, өөрийгөө харуулав.
Зүгээр л нэг баян айлын эрх хүүхэд, эсвэл гудамжны дээрэмчнээс гардаг авир гарах нь тэр. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийж байхад нь хажуугаар нь орж “Чи дуугүй байж бай. Би ярина. Д.Тогтохсүрэн бол ЖДҮ-гийн бүлгийн дарга” хэмээн микрофоныг нь булаацалдаж, бүлгийн даргаа, дарга гэхгүй үг шөргөөцөлдөж, аав шигээ биш юмаа гэхэд ах шигээ насны зөрүүтэй хүнтэй чи би дээ тулж, “чи сууж бай” хэмээн омогдов.
Мөн сэтгүүлчийн асуусан “Та УИХ-ын гишүүн байхдаа ард түмний өмч байх ёстой орд газрыг хувийн компанидаа авсан” гэхэд “Ард түмний өмч гэдгийг чи юу гэж ойлгож байгаа юм бэ” гэх мэтээр хээв нэг тохуурхан суув. Сайдынхаа суудлыг өгснөөс хойш эдүгээ ч хорсол нь тайлагдаагүй байгаа хүн гэвэл Ж.Мөнхбат, өнөөх нь өнөө номтой нэртэй номгүй гишүүн хоёр л байна. Бидний өвөг дээдэс хэлэхдээ “үр жимсгүй зэгс хулс өндөр ургадаг, үр жимстэй ихтэй мод бөхгөр ургадаг” хэмээн зүйрлэж хэлсэн нь ч бий. Номгүй эрдэмгүй хүн л зэгс хулс шиг байдаг нь энэ аж.