ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд, сайд нарын дүйвээн Засгийн газраа хөмрөх шахсан. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхаа нөгөө бүлгийнхний булигаанд тэсч үлдсэн. Нэгэнт Засгийн газар огцролгүй үлдсэн учир сайд нар нь ч тогтвортой ажиллах боломж байлаа. Гэхдээ Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өчигдөр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорлоо. Монголын түүхэнд хамгийн бага хугацаанд салбар яам удирдсан сайдуудын эгнээнд орж байна. Мэдээж амандаа орсон шар тосыг хэлээрээ тийм амар түлхэхгүй. Цаана нь ямар нэг эрх ашиг байгаа. Нэг талаар У.Хүрэлсүх Ерөнхий сайд хариуцлага тооцно гэсэн амандаа хүрч байна гэж харагдлаа. Нөгөө талаас Я.Содбаатар сайд өөрийнхөө хүсэлтээр огцорч байгаа нь Засгийн газраас “өвдсөн шүд”-ээ сугалсантай ялгаагүй хэрэг.
Үндсэндээ тэр суудлаасаа зууралгүй бууж чадсан нь Засгийн газар цаашид тогтвортой, хар хэл амны бай болохгүй ажиллах боломжийг бүрдүүлж өгч байна. Тэр талаас нь харвал Я.Содбаатар гишүүнийг магтмаар. Сайдын суудалд сууж л байдаг, бууж л байдаг. Зөв цагт нь зөөлөн суудлаа орхиж чаддаг байх нь бас мэдрэмж. У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрохгүй үлдэхэд түүний кноп хэрэгтэй байсан нь ойлгомжтой. Түүнийхээ дараа ажлаа өгсөн нь зөв нүүдэл. Иргэд ЖДҮХС-тай холбоотой асуудлыг мартахгүй байх. Харин Я.Содбаатар гишүүний энэ үйлдэл өөрийгөө эерэг талаас нь харагдуулахад тус болох нь гарцаагүй. Одоо Ерөнхий сайдыг намынхаа нэр хүндийг тултал өргөж, хэлсэн, ярьсан болгондоо хүрээсэй гэж залбираад, нэг талаар ташуур, сануулагч болж ажиллахаас өөр сонголт түүнд үлдсэнгүй. Тэгж ч ажиллана гэж найдаж байна.