ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН Л.Болд, Ж.Батзандан хоёроор л дутав гэж

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-04

“Бүргэдийн сүүдэрт оготно онхолдоно” гэгчээр М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын зодооны дүйвээнээр УИХ дахь АН-ын бүлэг тарж бутрахад хүрээд байна. Хүрээд байна ч бус бараг л бүлэггүй болчихлоо. Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс гаргасан Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн шийдвэрийг дагаагүй гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарт сахилгын шийтгэл буюу дөрөв хүртэлх жил сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах, харин УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хөөх шийдвэр гаргаснаа АН-ын дарга С.Эрдэнэ хоёр хоногийн өмнө мэдэгдсэн. Харин энэ мэдэгдлийг хүлээж авсан Ж.Батзандан гишүүн “Бүлэглэлийн толгойлогч С.Эрдэнэ, Д.Эрдэнэбаттай тэмцэнэ” гэсэн сүржин мэдэгдэл хийсэн бол Л.Болд гишүүн өчигдөр АН-аас гарч буйгаа албан ёсоор зарлав. Угтаа өнөөдөр хуралдах намын есдүгээр Их хурлаас нэг гишүүнийг хөөсөн, нөгөө гишүүний намаас гарах хүсэлтийг танилцуулж, эцэслэсэн тохиолдолд АН-ын бүлэг албан ёсоор задарч, УИХ-д сул есөн гишүүн бий болно гэсэн үг. Хуульдаа УИХ-ын гишүүн намаас гарсан тохиолдолд бүлгээс гарсанд тооцдог бөгөөд УИХ-д бүлэг байгуулахын тулд найман гишүүнтэй байх ёстой. Л.Болд намаас гарч, Ж.Батзандан хөөгдсөнөөр АН-ын бүлэг долоон гишүүнтэй болж, бүлэг задарна гэсэн үг билээ. Тэд бие даагч С.Жавхлан, МАХН-ын гишүүн О.Баасанхүү нар шиг болно.

УИХ-ын чуулганы хуралдаанаас завсарлага авах эрхгүй болж байгаа. Мөн бүлгийн ажлын хэсэг тарж, олон залуус улстөрчдийн хоржин тоглоомын золиос болох нөхцөл байдал үүсчээ. Нөгөөтээгүүр, ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг хэмээн өөрийгөө өргөмжилдөг УИХ-ын гишүүн Л.Болдын гаргасан энэхүү шийдвэр намынхаа төрсөн өдөрт барьсан “гэнэтийн бэлэг” байлаа. Маргааш АН-ынхан 29 нас хүрнэ. Ардчиллын төлөөх намууд нэгдэж Ардчилсан нам байгуулсан өдөр бол арванхоёрдугаар сарын 06-ны өдөр байдаг. Харин төрсөн өдөрт нь Л.Болд гэнэтийн бэлэг барьж намаас гарч, бүр бүлэггүй болгочихов. Ингэж шоудлаа гээд Л.Болдын зөв болчихгүй. Хэлсэн үг болгондоо намаа муулж, хийсэн үйлдэл бүр нь намынхаа эсрэг байж, түүгээрээ улс төрийн оноо авч байсан Ж.Батзанданг дагаж хийслээ гээд үр дүнд хүрэх нь юу л бол, эрхэм дипломатч аа. Д.Мурат гишүүний тухайд яагаад ийм шийдвэр гаргаснаа тодорхой тайлбарлаж, улс төрийн намынхаа шийдвэрт хүндэтгэлтэй хандаж буйгаа хэлчихсэн байна лээ. Улстөрч хүнээс ядахдаа л энэ зэргийн тэвчээр гарах ёстой л доо. Төрийн дээр нам сандайлах учиргүй ч улс төрийн бодлогыг нам байж, зохион байгуулалтад орж багаараа хийдэг үйлдэл. Энэ өнцгөөс харвал С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарын тухайд чиг шугамаа бариад явж байгаа. Намын нэрээр сонгогдчихоод дараа нь санаандаа орсноо хийж, сав л хийвэл намаа муулж давхина гэдэг улстөрчийн шударга зангийн үйлдэл хэрхэвч биш юм. Шударга байх, шулам байх хоёрт алд дэлмийн зөрүү байдгийг Ж.Батзандан гишүүнд сануулах нь илүүц санагдана. Тиймдээ ч Ж.Батзанданг энэ намаас хөөх эсэх нь цаг хугацааны асуудал болоод байсан юм. Нам өөрийн гэсэн дүрэмтэй.

Албан байгууллага болгонд дүрэм байдаг, ажилтан нь түүнийг дагаж мөрддөг шиг намд элсэн орж батлах авсан л бол дүрмээ дагах ёстой байдгийг улс төр хийсэн энэ олон жилдээ эрхбиш ойлгосон баймаар юм. Тиймдээ ч ганц энэ удаагийн үйлдэлд ч бус 10 жил хийсэн улс төрийн явцуу үйлдлээс нь болж нам эцсийн шийдвэрээ гаргажээ гэж олон хүн харж буй. Энд Ж.Батзандан шударга үнэний төлөө явж, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар дарангуйлал тогтоосон зүйл огт биш. Ерөөс нам гэдэг дүрэмтэй гэдгийг л харуулсан үйлдэл болов. Ж.Батзандан гишүүн олон жил АН-ыг муулсан. Долдугаар сарын 01-ны дуулианд нэр холбогдчихоод орох оронгүй, хэрэгт орж мэдэхээр явахад нь АН түүний нөмөр болж байсныг түүх мартаагүй, бас өөрөө ч мартаагүй биз. Тэр цагаас хойш намаа муулж, өөрийгөө товойлгосон. Хувь улстөрчийн имижээ өсгөх пиараа өөрийнхөө намыг муулж, харлуулж хийснийг нь олон мянган гишүүд нь дуугүй л тэвчсэн, хүлээсэн, харсан. Байнгын хорооны хурал, чуулганы үеэр ч намаа өшиглөж, өөрийгөө өндөрлөгт гаргах гэж оролдож байлаа. Элссэн нам нь илжирч муудсан, идээ бээрэндээ баригдсан бол орхиод гарах эрх зоригийг гаргах цаг хугацаа зөндөө байлаа. Элссэн нам, авсан эхнэрээ солихгүй ээ гэдэг эр зоригийг олон ч улстөрч гаргадаг. Гэтэл хувийн пиараа намаа муулж хийчихээд олон удаа тэр эргэж хургаж, уучлалт гуйж байлаа. Сануулга авсан атлаа хоргодсоор л байсан юм. Угтаа АН-гүйгээр хэн ч биш гэдгээ мэдэж байсан учраас өдлөх хүртлээ намд хоргодлоо.

Өнөөдөр харин жигүүр ургасан учраас бүлэглэл гэж том дуугарах эрхтэй болж, өдлүүлж өгсөн нам руугаа нулимж буй нь муухай харагдаж байна. Түүнийг Засгийн газрыг огцруулсангүй гэж буруутгах гэсэнгүй. Хувь хүний үзэл бодолдоо үнэнч байж, гаргах ёстой шийдвэрээ гаргасан улстөрчийн шийдвэрийг нь муулах нь тэнэг хэрэг. Үзэл бодлоо хамгаалсныг чинь буруутгах гэсэнгүй. Гэвч хариуцлагаа бас үүрч сурах ёсзүй та хоёрт алга. Цаашлаад сонгогдсон л бол санаанд орсноо хийдэг байвал нам гэж байгаад яах юм бэ. Хувийн тоглолт хиймээр байвал дан дангаараа бие дааж нэр дэвшээд явах боломж хангалттай байлаа, та хоёрт. Муу нэртэй, луу данстай ч 29 жилийн настай Ардчилсан нам Л.Болд, Ж.Батзандан нарыг энэ зэргийн улстөрч болгож өгсөн гавьяатай нам. Өмгөөлсөн хэрэг огт биш. Энэ намын олон мянган гишүүн та хоёрыг дэмжсэн, итгэсэн. Тиймээс гаргасан шийдвэрээ эр хүн шиг хамгаалж, намын шийдвэрт хүндэтгэлтэй хандчихаж чадахгүй ингэж гоншигонох нь олон хүнд таалагдсангүй. “Танхимынхаа эсрэг гарын үсэг зурчихсаан. Тэглээ гээд бид албан тушаалтай минь байлгаад өг гэж гуйхгүй” хэмээн эрс шулуухан хэлчихээд гарсан Ц.Цогзолмаа гэх эмэгтэй улстөрчөөс ядахдаа суралц. Та хоёрын дэргэд эр хүн шиг эрс шулуухан байж чадлаа. Гэтэл гарна орно гэж айлгаж өргөдөл барьж гүйгээд л, чичирч салгалан мэдэгдэл хийж, эр хоёр загал шиг ижилдэж гүйгээд байгаа нь зангарагтай улстөрчдийн хийдэг үйлдэл биш байгаа нь асуудал болоод байна.

Түүндээ бас гэмгүй сэтгүүлчдийг буруутгаж, худалдагдсан гэж гүтгэхээ зогсооно уу, Л.Болд гишүүн ээ. Таны улс төрийн хуумгай шийдвэр, хувийн пиар хийсэн улс төрд чинь ажлаа хийж яваа хэдэн сэтгүүлч яахаараа бурууддаг юм бэ. АН-ын дарга С.Эрдэнэ энэ удаад буруу ажиллаагүй. Д.Эрдэнэбат ч бүлгийн дарга ёсоор л зарчим ярилаа. Ерөөс ганц эдгээр хоёр гишүүн ч бус намынхаа бодлогын эсрэг явж л байгаа бол та бүхэн намд элсэж улс төр хийхээ больчих. Худалч, хулгайчаар нь дуудаж намд байгаад яах юм бэ. Хувь улс төр, өөр намд элсэх, шударга ёсны төлөө ганцаараа тэмцэх гэх мэтээр өргөн сонголттой байхад дургүйд хүчгүй гэгчээр өдөр болгон муулж байдаг АН руугаа орж ирж шударга ёс яриад л, түүндээ итгэчихээд нам самарч давхих нь утгагүй байгаа юм. Энэ үг МАН-ынханд ч бас хамаатай. Намд захирагдаж чадахгүй л бол гарах хаалга бас нээлттэй байдаг юм. Энэ бол зарчим. АН-ын олон мянган гишүүн итгэсэн болоод л эдгээр хүмүүст намаа даатгасан байлгүй дээ. Хулгайчийг нь мэдсэн бол зандантай, зандангүй суудлаас нь өшиглөөд унагах партизанууд энэ намд ч бас олон бий. Тиймээс эр хүн шиг шийдвэрээ хамгаалж, гаргасан шийдвэрийнхээ төлөө ядахдаа олон долоон юм ярьж гүйхээ одоо боль.. Нам та хоёроор л дутав гэж. Бид хоёр л байхгүй бол энэ нам сүйрнэ гэсэн тэнэг үлгэртээ итгэхээ болино уу, баярлалаа. Бас түүндээ бусдыг итгүүлэх ч шаардлага байхгүй.