ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

14 дэх “ЖДҮ-чин”

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-12-04

Төрийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас ээлж, дарааллан зээл авсан нь намар, өвлийн улс төрийн гол сэдэв болж, олон нийтийг бухимдуулаад байгаа билээ. Хоёр, гурваараа нэр холбогдож эхэлсэн УИХ-ын гишүүдийн хууль зөрчсөн үйл ажиллагаа хамгийн сүүлд эдүгээ 14 гэдэг тоон дээр ирлээ. Цаашид харин хэд болж нэмэгдэх нь тодорхойгүй тул “хамгийн сүүлчийнх нь энэ боллоо” гэж харамсалтай нь хэлж чадахгүй нь. Харин ард түмний оноосон нэрээр 14 дэх “ЖДҮ-чин”-ээр Дархан-Уул аймгаас сонгогдон УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тодорлоо.

Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 80 хувийг нь эзэмшдэг гэж мэдүүлсэн “Мондем” ХХК ЖДҮХС-гаас 2018 оны аравдугаар сард 300 сая төгрөгийн зээл авсан нь ил болсноор тэрбээр “ЖДҮ-чин” хэмээх гутамшигтай нэрийг зүүгээд байна. Хэдийгээр тэрбээр “Би мэдэхгүй. Миний хариуцаж, нөлөөлдөг яам агентлаг байхгүй. Би зээл авахад нь хамаарсан үндэслэл ч алга” гэж мэлзэж буй ч энэ үг нь “би хулгайлаагүй” гэдэг хулгайчийн үг шиг сонсогдож байна. Улстөрч хүний хувьд хамгийн эрхэмлэж явах ёстой зүйл нь өөрийнх нэр хүнд байх ёстой атал Б.Баттөмөр гэдэг эцгээс өгсөн нэрийг “ЖДҮ-чин” гэдэг нэрээр солиод амжлаа.   Ийнхүү тэрбээр “ЖДҮ-чдийн клуб”-ын 14 дэх гишүүн нь болж албан ёсоор нэгдлээ.