Монголын төрд гай ч болоогүй, гавьяа ч байгуулаагүй хүний нэг бол Д.Кёкүшюзан Батбаяр. Монголоос анх удаа сүмо бөхөөр барилдаж, эх орноо далайн чанадад таниулсан гавьяаг нь ард түмэн андахгүй. Түүнийг сүмогийн алтан хараацай гэдэг. Харин Монголын улс төрд, Ардчилсан намд нэг их том магнайлагч байгаагүй юм. Тэр зодог тайлж эх орондоо ирчихээд Ардчилсан намд бүл нэмж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг дагаж “шогшсон” буянаа эдэлж УИХ-ын гишүүн болж үзсэн.
Дараа нь Ерөнхий сайдын зөвлөх нэртэй хоёр жил саарал ордон хавиар эргэлдэж цаг нөхцөөсөн. Ийм л түүхтэй жирийн нэгэн гишүүнээ АН Их хурлынхаа үеэр сүмо бөхийн 25 жилийн ой болж байгааг тохиолдуулж Ардчиллын тэргүүн дээд шагнал “Чингис хааны одон”-гоор энгэрийг нь мялаалаа. Д.Кёкүшюзан Батбаяр сүмо бөхөөр барилдаж, хөлсөө урсган олсон хэдэн төгрөгөө эх орон руугаа илгээж, барилгын салбарт хөрөнгө оруулж, энгийн олон иргэдээ орох оронтой болгосон гавьяа бий. Одоо ч барилгын салбарт хүчээ сорьж яваа.
Саяхан шавыг нь тавьсан АН-ын шинэ байрыг барьж өгөхөө тэрбээр амласан. Түүнийг өөрийн гэсэн байргүй бусдын халаасанд хавчуулагдаж явсан намаа орох оронтой болгох зориг гаргасан нь тэргүүн дээд шагналын эзэн болох замыг нь заслаа гэж олон хүн ярьж байна. Үнэний хувьтай ийм явган яриа дагуулсан сумогийн алтан хараацай ардчиллын “хараацай” болох эхнийхээ шат руу алхалаа. Өөрөөр хэлбэл, улс төрд “Сугалаа”-нд хожсон хүн гэж нэрийдэж болно.