ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зоригтон

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-16

“Алтандорнод” ХХК-ийн захирал Т.Ганболд телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Улс төрийн шантаажаар намайг хэдэн сар шоронд хорьсон. Дорлигжав прокурорын данс руу дөрвөн сая доллар хийсэн минь үнэн” хэмээн ярьсан. Одоо энэ хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэдгийг ч хэлсэн.

Үнэхээр зоригтой мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Шударга бусын хонгил” гэж яриад удаж байгаа. Саяхан телевизээр ярилцлага өгөхдөө ч нарийн тайлбарласан. Түүний дараахан Т.Ганболд ийм мэдэгдэл хийсэн нь “Шударга бусын хонгил” гэж байдгийг дахин батлах шиг болов.

Тэр зоригтой байж чадлаа.  Одоо ийм л зориг гаргах хэдэн хүн хэрэгтэй байна. Тэр дундаа мөнгөтэй байж байгаад булаалгасан, бизнесээ дээрэмдүүлсэн бизнесмэн байвал зоригтойхон шиг хэлээд, илчлээд өгөх хэрэгтэй. Тэгвэл “Шударга бусын хонгил” гэж үнэхээр байдаг, тэнд нь хэн хэн харьяалагддаг. Хэн удирддаг, ямар хүмүүс бусдыг хэрэгтэн болгож, бизнесийг нь, мөнгийг нь дээрэмддэг вэ гэдгийг ард түмэн сайтар мэдэж авах гээд байна. “Шударга бусын хонгил” гэж яриад, тодорхойлоод байгаа хүн бүр л тэд хуулийн байгууллагаар далайлгаж, бусдын бизнесийг дээрэмдэж, амьдралыг сүйрүүлдэг гэж хэлдэг.  

Үүний нэг жишээ “Алтандорнод” ХХК-ийн захирал Т.Ганболд гэдэг нь тодорхой хэмжээнд мэдрэгдлээ. Дөрвөн сая ам.доллар гэдэг бага мөнгө биш. Жирийн иргэдийн насаараа хөдөлмөрлөөд ч олохооргүй их хөрөнгө.  Тийм их мөнгийг хуулийн байгууллагаар далайлгаад авна гэдэг “Шударга бусын хонгил” ажилласан гэсэн үг биш үү. Тэрийг нь илчилсэн нь сайн хэрэг. Ийм л зоригтой үйлдлийг бизнесмэнүүд, хохирсон хүмүүс гаргах хэрэгтэй байна. Тэгж гэмээнэ шударга бустай тэмцэж, шударга ёсыг энэ улсад тогтоож чадна.  Бас хуулийн байгууллагууд үнэн, зөв ажиллаж, дөрвөн саяынх нь учрыг олооосой.