ЦЕГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү, ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн дэд хурандаа н.Цэрэнпунцаг, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа н.Болдбаатар нар мэдээлэл өглөө. Тэд сүүлийн үед гарсан гэмт хэрэг болон цагдаагийн байгууллага шинэ жилийн энэ өдрүүдэд хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл хийсэн юм.
Тухайлбал, Цагдаагийн дэд хурандаа н.Болдбаатар “Нийслэл хотын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 98340 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 46963 нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болж бүртгэгдээд байна. Автомашин тоносон хэрэг нэлээд олон гарсан. Тэр дундаа өвлийн дугуй хулгайлах гэмт хэрэг их гарч байна. Эдгээр гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр шуурхай ажиллаж, гэмт этгээдүүдийг олж илрүүлсэн.
СХД-ийн 19-24 насны, эрхэлсэн тодорхой ажилгүй дөрвөн залуу энэ гэмт хэргийг үйлдэж байсан. Нийт 24 удаагийн үйлдлээр 100 ширхэг дугуй хулгайлсан байсан” хэмээлээ. Мөн иргэн Т гэгч нь фэйсбүүк хаягаар иргэдийн 9911, 8811-тэй дугаарууд буюу тухайн хэрэглэгчийн өмнөөс бусад хэрэглэгч рүү мөнгө зээлээч гэсэн мессеж явуулж, 60 гаруй удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлджээ.
Тэрбээр шалгуулж байх явцдаа оргон зайлж, дахин 12 сая төгрөгийн хохирол учруулжээ. Мөн шинэ жилийн арга хэмжээнд оролцоод тарж байгаа иргэдийг санаатайгаар өдөж, зодолдож, маргалдаж байх зуур эд зүйлийг нь дээрэмдэх гэмт хэрэг 30 гаруй бүртгэгдсэн бол такси үйлчилгээ авсан иргэдийг бүлэглэн дээрэмдэх хэрэг ч гарч эхэлсэн байна. Эдгээр гэмт хэргийг цагдаагийн албан хаагчид шуурхай илрүүлж, одоогоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна.