Цагдаагийн Ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр олны анхааралд байгаа хэд хэдэн хэргийн талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, өсөх ирээдүйтэй загвар өмсөгч хэмээн нэрлэгдэж байсан Ч.Чамин-Эрдэний амиа алдсан хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл өгч байгаа. Гадаад улсад амьдардаг зарим нэг иргэний зүгээс камерын бичлэгийг өөрчилсөн, цагдаагийн байгууллага хэрэг дээр ажиллахгүй байна гэх мэтээр мэдээлэл явуулж байгааг албан ёсоор няцааж байна. Иргэнээс явуулж байгаа бүх мэдээлэлд холбогдох ажиллагааг явуулсан. Бичлэгт байгаа хоёр иргэнийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулсан. Хэрэгт холбогдолгүй гэдэг нь тогтоогдсон.
Тухайн хоёр иргэн өөрсдийг нь гэмт хэрэгтэн мэтээр зарлалаа гэж Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа. Хавтаст хэрэгт авагдсан гутал, хувцас солигдсон. Хавтаст хэргээс эд зүйлс алга болсон гэх мэтээр ташаа мэдээлэл явж байгаа. Хэргийн газрын үзлэгээр илэрсэн эд мөрийн баримтаас алга болсон зүйл байхгүй. Тухайн иргэн бидэнд хандсан зүйл байхгүй. Гэхдээ тавьж байгаа мэдээллийг бид анхааралтай нягталж, шалгаж байна” гэсэн юм. Хэрэгт холбоотой мэдээ, мэдээлэл байгаа бол цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллахад ч бэлэн гэсэн юм. Нөгөөтээгүүр, өнгөрөгч долоо хоногт “Шангрилла” зочид буудалд АНУ-ын иргэн амиа алдсан хэргийн талаар тодруулахад “СБД-ийн цагдаагийн хэлтэс хэргийг шалгаж байна. Шүүхийн дүгнэлт, задлан шинжилгээний хариу гараагүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. Прокурорын хяналт дор хэргийг шалгах ажил үргэлжилж байна” гэсэн тайлбар өглөө.
Үүнээс гадна Дорноговь, Сэлэнгэ аймгийн газар нутагт Японы хөрөнгө оруулалт болох Жайка төслийн нэрийг барьж, хөнгөлөлттэй зээлд хамруулна гэх мэтээр хуурч мэхэлж байгаа үйлдэл их гарч байгаа аж. Мэдээлэл багатай байдлыг нь ашиглаж, олон улсын төсөл хөтөлбөрийн нэр барьсан хүмүүс очвол цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг мөн уриаллаа. Мөн ЦЕГ-аас “Шинэ жил-2018” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээг иргэд олон нийтийн хүчинд түшиглэх бөгөөд ТББ-тай ч хамтрах юм байна. Арга хэмжээ явах хугацаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн ажиллах юм байна. Эргүүл хяналт шалгалтын арга хэмжээ болон гэмт хэргийн мэдээллийг шуурхай хүргэх чиглэлд хэвлэл мэдээллийн байгууллагатай ч мөн хамтарч ажиллана гэв.