ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголын сувд

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-17

“Хөх сувд”-ын алдартан, хоймор нутгийн бахархалуудын нэг ОУХМ Г.Угалзцэцэг бодибилдингийн төрлөөр дэлхийн тавцанд эх орныхоо төрийн далбааг дөрвөн удаа эгшиглүүлэв. Хамгийн сүүлд буюу энэ сарын 14-16-ны өдрүүдэд Тайландын “Чианг Май” хотод “WBPF” холбооны 10 дахь удаагийн ДАШТ-ээс хос алтан медаль хүртсэн амжилтаар тэр монголчууддаа бэлэг барилаа. Тэр өнөөдөр эх орондоо ирнэ. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд бага насаа өнгөрүүлж, бизнесмэнээс бодибилдингийн шилдэг тамирчин болсон тэрбээр “Аав ээжээсээ аливаад тууштай, хичээл зүтгэлтэй байх чанарыг өвлөсөн” хэмээн ярьдаг билээ.

Г.Угалзцэцэгийн үндсэн мэргэжил нь дизайнер. Гэвч мэргэжлээрээ ажиллах гэхээс илүү хувийн бизнес хийж, гэрэл зургийн студи, бэлэн хувцасны лангуу ажиллуулж байжээ. Энэ зууртаа фитнессээр хичээллэж эхэлсэн нь хожмоо алдартай тамирчин болох эхлэл байсныг хэрхэн мэдэх билээ. Тэрбээр, бодибилдингийн спортоор уйгагүй хичээллэж эхэлсний дараа “Мустанг” клубт бэлтгэлээ хангаж, тамирчин болох эхлэлээ тавьж байсан гэдэг. Түүний амжилтын буухиаг энд бичнэ гэвэл дуусахгүй. 2014 оноос амжилт нь тогтмол өсөж, 2015 онд анхлан ДАШТ-ээс аваргын алтан медалийг энгэртээ зүүж байлаа. 2016, 2017, 2018 онуудад мөн л аваргын индрээс буусангүй.

2017 оны Дэлхийн аваргын эмэгтэй цомыг түүний загвараар хийсэн бөгөөд 60 гаруй улсын эхний таван байрын шилдэг эмэгтэй тамирчид энэхүү цомоор шагнуулжээ. “Амжилтад хүрэхээр зорьсон бол яг түүндээ хүрэхийн тулд өнөөдрөөс эхлэн хичээ” хэмээн залуу үеийнхэндээ сургадаг дайчин, гайхалтай тэвчээртэй энэ бүсгүйн энгэрт МУГТ гэх эрхэм хүндтэй цол тун удахгүй гялалзана гэдэгт нийт монголчууд даяараа итгэж найдан хүлээж сууна. Төрийн шагнал эзнээ олдог нь үнэн л бол тэр энэ удаа яах аргагүй гуйж биш гуядаж авахаар амжилт үзүүлээд ирлээ. Амжилт бүсгүй минь. Нэр шигээ үргэлж цэцэглэж, монголчуудынхаа сувд нь болж гялтганаж яваарай.