ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАНдуулсан биш МАНарсан сонголт хийжээ, бид

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-18

“Бид хөгжинө, хамтдаа зүтгэнэ” гэх Монгол Ардын намын уриаг монголчууд “Бид хөлжинө, хамтдаа иднэ” хэмээн өөрчилжээ. Арга ч үгүй юм даа. МАНдуулсан сонголт хийчих юм бол “Аз жаргалтай Улаанбаатар хотод амар тайван амьдруулна” хэмээн энхийн цагаан тагтааг баяр хөөртэйгөөр хөөргөж байсан эрх баригч 65 улстөрч хоёрхон жилийн дараа хэлсэн үгнээсээ буцчихаад МАНарсан сонголт хийснийг маань өдөр бүр сануулж байх юм. Бид хамтдаа хөгжсөнгүй. Тэд харин хамтдаа хөлжлөө, хамтдаа идлээ. “Хотын фракци”-д харьяалагддаг хэсэг нь төрийн албан тушаалыг 60 тэрбумаар зарж идчихээд хөлжлөө. “Зүүний хүч”-ний хэсэг бүлэг нь ЖДҮХС-гаас мөнгө идчихсэн байна.

Дунд нь манаргаж яваа хэсэг бүлэг нь Концессын гэрээ гэгчээр баяжиж, тэрбумын хаусанд тухалчихав. Түүнийгээ тоглолт хийгээд олсон гэж тэнэгтүүлж ч байх шиг. МАНдуулсан сонголтын үр дүнд бид махны үнээ тэнгэрт гаргачихав. Шатахууны үнэ нь шантаажны улстөрчдөөс болж өдрөөс өдөрт өсөж буйг МАН-ын дарга, Ерөнхий сайд нь чуулганы индрээс хэлчихнэ билээ. Ухаандаа, дэлхийн зах зээлд үнэ өссөндөө ч биш Ерөнхий сайдаа шантаажилсан МАН-ын улстөрчид үнээ хөөрөгджээ гэдгийг хэлчихсэн.

Ханшийн савалгаа, үнийн өсөлтийн талаар энд дахин нурших нь илүүц. Ядахад яр гэгчээр, сандал суудлынхаа хэрүүл хийж, өдөр бүр “ЖДҮ”-чин, “60 тэрбум”-танууд нь хэрэлдэж суух зуур хөдөө орон нутагт харын зуд болж адуу мал нь босоогоороо үхэж байх юм.

Сүхбаатар аймагт гэхэд л зуд болж, малчид хэдэн мянгаараа малаа зуданд алдаж эхэлжээ. 21 аймагт хаа сайгүй л өвөлжилт хүндэрч байхад салбар яамных нь сайдын суудал эзгүй, экс сайд нь өдөр бүр АТГ-ын үүд сахиж байх жишээтэй. Боловсролын салбарын сайдаа огцруулна гэж мэдэгдсэнээс болж энэ яаманд захын нэг хурган дарга “даам” гарч, төрийн албан хаагчдыг өөд уруугүй дарамталж байна, Ерөнхий сайд аа. Сайд нь ажлаа хийх хэцүү, байх хэцүү нөхцөл байдалтай тулгарчихсан.

Байнгын хороо нь огцруулна гэж шийдвэрээ гаргачихсан. Орхиод явчихъя гэхээр салбар нь эзгүйдчих гээд хэцүү байгаа учраас огцруулах кноп даруулчихсан атлаа л ажлаа хийж суугаа. Зам тээвэр, хөгжлийн салбарт ч ялгаагүй эмх замбараагүй байдал, эх адгаа алдсан улстөржилт бий болов. Танхимынхаа бүрэн бүтэн байдлыг хангах учиртай Ерөнхий сайд нь утааны асуудлаа шийдэхийн оронд улс дамжин нисэж яваад ирлээ. Өөрийг нь дэмждэг улстөрчид буюу У.Хүрэлсүхийн талын 38 гишүүн УИХ-д суухаас татгалзаж, гурван сайдын асуудал хэрхэх нь тодорхойгүй гацаанд оров. Ийм засаглал гэж байх уу.

Бид ингэж л  МАНарсан сонголт хийсэн байх юм. М.Энхболдыг огцрохгүй бол чуулганд орохгүй гэж мэдэгдсэн МАН-ын улстөрчдөөс болж төрийн ажил бүтэн 20 хоног гацаанд оров. Энэ хугацаанд дөрвөн удаа УИХ-ын чуулган хойшилжээ. Нэг байтугай нэлээд хэдэн хуулийн төслийг гацаанаас гаргаж, бүр баталж дөнгөх хугацаа өнгөрлөө. Өчигдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралтай нийлээд 16 удаа Байнгын хорооны хуралдаан хойшлов. 16 ширхэг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж болно. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгийн хорооны нийт найман хурал мөн л хойшлов.

УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэх учиртай МАН-ын бүлэг нь нэг танхимд эвлэж суухаа больсноос хойш бүтэн сарын хугацаа өнгөрлөө. Одоо яах вэ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга аа. Нэг намын дотоодын дажин төрийн зовлон болж, утаандаа угаартсан ард түмэн өдөр бүр үнэгүй жүжиг үзсээр л байх уу. Та бүхний Төрийн ордонд тоглож буй шударга ёсны жүжгээс илүү бидэнд амьд явах, амьдралаа залгуулах асуудал чухал болчихоод байна. Утааны талаар нээлттэй сонгол хийх саналыг өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгч УИХ-д хүргүүлсэн юм билээ. Онц ноцтой байдал үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ долоо хоногт улстөрчид уг нь утаа ярьж суух байлаа.

Гэтэл төрийн ажил дахиад л урагшилсангүй. Түшээд харин өдөр бүр нэгийгээ доромжилж, АТГ гэх мангасаар айлгаж сүрдүүлэх ажлаа тун чадмаг хийж байх юм. Аядуу зөөлөн УИХ-ын дарга нь албан тушаалтайгаа зууралдаагүй гэх атлаа УИХ-ын 40 гишүүн буюу 50-иас дээш хувь нь өөрөө огцрох хүсэлтэд гарын үсэг зурчихаад байхад л “Би албан тушаалтай зууралдаагүй” гэсэн утга учиргүй тайлбар өгчихөөд төрийн ажлыг гацаачихав. Улс орноо тэгж л их боддог, улс төрд шударга байхыг хүсдэг л бол гуйж аваагүй албан тушаалаа өгчих хүсэл зориг энэ хүнд алга.

Үндсэндээ МАН-ын дотоодын зодоон Монгол төрийн зовлон болж, улсын ажил гацаанд орчихлоо. Биднийг сонгоод өг, тэгвэл аз жаргалтай амьдруулна гэсэн Ардын намын амлалт У.Хүрэлсүхийн шударга ёсыг тогтоох нэртэй улс төрийн бойкот, М.Энхболдын шудар­га дүр эсгэх гэсэн эмгэнэлт жүжгийн чимээнд алсарч одов. МАНдуулчихвал болно доо гэж итгэсэн монголчууд нь утаа, түгжрэл дундаа МАНарч явсаар дуусах нь ээ. Төр хэзээ ажлаа хийж, бид хэзээ МАНдах вэ.