Х.Баделхан сайдаа би багтарч үхлээ. Миний үхэх яах вэ гэж бодъё. Гэтэл энэ их утаа, угаар хоёрт чинь эх орны ирээдүй болсон үр, хүүхдүүд маань хордож, өвчний үүр уурхай болоод байна. Та харж байна уу, энэ их утааг. Уг нь таны толгойлж байгаа яам чинь их гоё нэртэй шүү дээ. Та улс төрийн их ачааллаасаа болоод яамныхаа нэрийг зорилготойгоо мартчихсан байж магадгүй юм, эргэж нэг сануулъя. Барилга хот байгуулалтын сайд шүү дээ, та. Тэгэхээр та хотын утааг арилгах их ачааны хүндийг нь үүрэх ёстой хүний нэг. Гэтэл өнгөрсөн хугацаанд таны хийсэн ажлыг эргэн харахад юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй таг болчихлоо. Эрхэм Х.Баделханыг сайд байх үед барилгын үйлдвэрлэл зогсонги байдалд орчихлоо.
Гэтэл нийслэл хот утаанаас ангижрах ганцхан гарц нь орон сууцжуулах, гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн шийдэл бүхий дэд төвүүд гэдгийг аль эрт тогтоочихоод байгаа. Барилга хот байгуулалтын сайд нь юу ч хийхгүй байгааг юу гэж ойлгох вэ. Нийслэлд 2014-2016 онд эхэлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг гацаасан буруутны нэг гэж олон түмэн шүүмжилдэг. Улаанбаатар хотыг утаагүй, цэвэр цэмцгэр, Азийн цагаан дагина гэж дахин нэрлэдэг болгоё гэвэл орон сууцжуулах бодлого гэдгийг энгийн иргэдээсээ эхлээд эрдэмтэд хүртэл ярьж, хэлэлцэж байна. Ийм үед л Барилга, хот байгуулалтын сайдын үүрэг тэргүүн эгнээнд байх ёстой.
Амины орон сууц болон цогц хорооллуудыг олноор нь барьж, иргэддээ олгож байгаа орон сууцны ипотекийн зээлийн хүүгээ таван хувь болгооч. Одоогийн ипотекийн зээлийн хүүд чинь олон иргэд “бүдэрч унаад” авч чадахгүй байна. Хүүг нь багасгавал гэр хорооллын иргэд орон сууц руу хошуурахад бэлэн байгаа. Мөн гацаагаад байгаа гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэчлэл зохион байгуулалтын бэлэн төслүүдээ яаралтай эхлүүлээч. Тэр цагт хотын утаа мартагдаж эхлэнэ гэдгийг Х.Баделхан сайд ойлгохгүй байгаа юм болов уу. Эсвэл хотынхоо их утаанд угаартаж, мансуураад юу хийх ээ мэдэхгүй сууна уу.