Монгол Улсын шүүх байгууллагын шийдвэрийг үл тоодог, гаргасан шийдвэрийг нь дагаж мөрддөггүй нэг л хүн Монгол Улсад байна. Тэр бол УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжигднямаа гэж нөхөр.
Төрсөн дүү Д.Жүгдэрнямынхаа оффшор бүсэд байрлах компаниар их хэмжээний мөнгө угаасан, төмөр замын салбарт ар араасаа гарсан хариуцлагагүй ослын буруутан, сэг болох шахсан 1000 вагон хилээр оруулж ирэхдээ дундаас нь мөнгө угаасан гээд энэ хүний хийсэн хэргийн намтар тун ч арвин юм билээ. Үүнийг би биш шүүх тогтоож, түүнийг яллагдагчаар татаад байлаа.
Тэгвэл энэ сарын 18-нд Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг албан тушаалаас нь чөлөөлж, хилийн хориг тавих шийдвэр гаргажээ. Гэвч шүүхийн шийдвэр түүнд нөлөөлсөнгүй. Өнөөдөр ч Д.Жигжиднямаа ажлаа хийж, гарын үсгээ зурж, ажилчдаа удирдаад сууж байх юм.
Монгол Улсын шүүх хэрвээ зангарагтай байсан бол энэ хүн гурав хоногийн өмнө ажил албан тушаалаа өгөөд явах ёстой байв. Гэвч тийм зүйл болсонгүй. Төрийн хуулийг, шүүхийн шийдвэрийг уландаа гишгэчихээд ажлаа хийж явах аж.
Хувь хүнийхээ хувьд ч ичих нүүргүй, эмээх ёс зүй байхгүй гэдгээ гэрчилж байх шиг. Төмөр зам гэх том айлыг төрсөн дүүтэйгээ нийлж мөнгө угаасан хэргийн сэжигтэн, буруутан удирдаж сууна гэхээр л шившигтэй санагдаж байна. Монгол Улс энэ хүнд өргүй л байлтай. Гэмт хэрэг хийсэн нь хүртэл шүүхээр нотлогдчихоод байхад “Эрхэлсэн ажилдаа үнэнч. Нэр төртэй удирдсан” гэх жижигхэн пиар хийлгэчихээд, албан тушаалтайгаа зууралдаж байгаа нь ямархуу том ар талтайг нотлох биз ээ. Д.Жигжиднямаа дарга аа, Монгол Улс танд өргүй. Хийсэн хэргийнхээ ялыг үүрээд, ажил албан тушаалаа эр хүн шиг хүлээлгээд өгчихөж болдоггүй юм уу, та.