ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ажлаа мэддэг дипломатч

O.Admin
2018-04-30

Дипломат албаар мэргэшсэн цөөхөн хэдхэн улстөрчийн нэг бол УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар. Түүний хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхимд Гадаад харилцааны сайдаар ажиллаад зургаан сар гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд дипломат алба гэж ямар байдгийг бүрэн утгаар нь харуулж байна.

Үл ойлголцол үүсээд байсан БНХАУ, Монгол Улс хоорондын харилцааг эерүүлж чадсан. Түүний дараа Ерөнхий сайд ч айлчлал хийж, хоёр улсын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа илүү өндөр төвшинд хөгжих боломж бүрдсэн юм. Түүнийг сайдаар ажилласан зургаан сарын хугацаанд хэд хэдэн томоохон айлчлал боллоо.

Тэр болгонд манай улсын гадаад харилцаа үргэлж шинэ боломж, шинэ хамтын ажиллагаагаар баяжиж байна. Д.Цогтбаатар сайдыг өдрийн хүнээр онцлох шалтгаан нь тэр сэтгүүлчдийн сурч боловсрох асуудалд маш их анхаарал хандуулдаг улстөрч юм. Улс орны хөдөлгөгч хүч нь мэдлэгтэй, мэргэжилтэй боловсон хүчин байдаг. Тэр тусмаа дөрөвдэгч засаглал болсон сэтгүүлчид нэг салбарт мэргэшсэн, хэлний мэдлэгтэй, улс орноосоо хальж олон улсын хэмжээнд сэтгэж гэмээнэ сая л ард түмэн илүү даацтай, чанартай мэдээлэл авч, соён гэгээрнэ. Харин энэ бүхнийг үе үеийн төр засаг дандаа орхигдуулдаг. Сэтгүүлчдийн байгууллага нь л бор зүрхээрээ элдвийн сургалт, мэдлэг боловсрол дээшлүүлэх сургууль олдог ч тэр нь хүссэн болгонд очдоггүй.

Тэгвэл Д.Цогтбаатар сайд болсноос хойш хэд хэдэн улс орны эрх бүхий албан тушаалтнуудтай сэтгүүлчдийг сургах, мэдлэг дээшлүүлэх, хэлний сургалтад хамруулах талаар яриа хэлцэл хийв. Өнгөрөгч долоо хоногт гэхэд л Энэтхэгийн Гадаад хэргийн сайдтай энэ талаар яриа хэлцэл хийж, жилд 10 гаруй сэтгүүлчийг тус улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар болжээ. Бидний тархи оюуныг цэнэглэх ажлыг орхигдуулахгүй анхаарч буй сайд танд салбарынхаа 5000 гаруй боловсон хүчний өмнөөс талархлаа илэрхийлье. Ажлаа мэддэг, мэргэжлийн дипломатч гэдэг аргагүй өөр байна.