ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Оюуны их спортын “хатан”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-12-24

Монголчууд оюун ухааны их спортоор дэлхийд тэргүүлж эхэллээ. Үүний нэг томоохон жишээ бол  олон улсын их мастер цолтой, өсвөрийн дэлхийн аварга Энхтуяагийн Лхагвадулам юм. Тэрбээр “Гиннесийн ном”-нд бичигдэхээр болсон бөгөөд Хонгконгод болсон 27 дахь удаагийн ой тогтоолтын ДАШТ-ээс олон медаль хүртэж, аваргын цомын эзэн боллоо. Э.Лхагвадулам “Хоёртын тоолол” төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов.

Тэрбээр минутад 5597 цифр цээжлэн, алдалгүй санаснаар олон улсын их хэмжээний мастер Н.Энхшүрийн эзэмшиж байсан 5445 цифрийг эвдэж, дэлхийн дээд амжилтыг ахиулж чаджээ. Тэр зорьсондоо хүрэв. Тэрбээр,  16 настай бөгөөд ой тогтоолтын спортоор гурван жил хичээллэж байгаа нэгэн. Энэхүү амжилтыг тогтооход түүний хичээнгүй хөдөлмөр, зүтгэл, ар гэрийн дэмжлэг, найз нөхдийнх нь урмын уг илүүтэй нөлөөлжээ. Түүнийг ой тогтоолтын их спорт руу ороход Дархан–Уул аймгийн ЕБС-ийн 15 дугаар сургуулийн хамт олон, ангийн нөхөд нь илүүтэй нөлөөлсөн аж.

Учир нь Э.Лхагвадулам аливаа зүйлийг цээжлэх, тогтоох, нүдлэхдээ гойд нэгэн бөгөөд сурлага хөдөлмөр, авьяас чадвараараа сургуульдаа төдийгүй аймагтаа тэргүүлдэг. Тиймээс ангийн нөхөд нь дэмжиж, ой тогтоолтын их спорт руу хөтөлсөн нь  түүнийг өнөөдөр дэлхийн хүн болгож чадлаа. Найз, нөхөд нь  түүнийг оюуны их спортын “хатан” хэмээн өхөөрдөн дууддаг бөгөөд тэрбээр энэхүү нэрний утга утга учрыг ойлгож, урмыг нь хугалалгүй,  хүндэтгэн явахын тулд ихэд хичээдэг хэмээн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэр хэлсэн, амласандаа  хүрч чадлаа. Нөхдийнхөө, Монгол Улсынхаа итгэлийг алдсангүй. Оюуны их спортоор дэлхийд манлайлж, улс, эрх орныхоо нэрийг өндөр өргөж чадлаа.