Энэ удаа “Эгэл амьдрал” буландаа Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн багш , Монгол Улсын боловсролын тэргүүний ажилтан Барийсангийн Өлзийбаярыг урьж ярилцлаа.
-Багш хэмээх эрхэм албыг хашаад багагүй хугацаа өнгөрсөн байх. Яагаад заавал энэ сургуульд багшлах болов?
-Би анх Дүрслэх урлагийн дунд сургуулийг төмрийн сийлбэрч мэргэжлээр төгссөн юм. Тэгээд цэргийн алба хаачихаад ирээд Улсын багшийн дээд сургуулийн зураг хөдөлмөрийн ангийг төгссөн. Оюутан байхдаа энэ сургуульд дадлагаа хийсэн. Тэгээд сургуулиа төгсөөгүй байхдаа л энд урилгаар ирж багшилсан. Түүнээс хойш 30 дахь жилдээ багшилж байна даа.
-Зах зээл гэлтгүй ер нь л хүмүүс тэр дундаа багш нар ажлын байраа ганзагын наймаагаар сольж явсан тэр он жилүүдэд та бас тэдний нэг болоод явчихсангүй юу?
-Зах зээлийн үе эхэлж оюутан байтугайд хүндхэн үед би чинь түрийвч нь түнтгэр оюутан явлаа. Хичээлдээ явна. Тараад эндээ ирж хичээлээ заана. Зав зайгаараа сийлбэрээ хийнэ. Боломж бүхнээ л ашигласан даа. Ёстой л завгүй явжээ.Надад гадагшаа бүү хэл өөр сургууль руу явах ч бодол байгаагүй.
-Нэг сургуульд олон жил ажиллана, тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллана гэдэг амаргүй дээ?
-Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд багшилна гэдэг тийм ч амар ажил биш. Гэсэн хэдий ч би энэ хамт олон, шавь нартаа ууссан байна. Хүүхдэд, тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрдэм заана гэдэг амаргүй ч буянтай ажил. “Миний зааж буй хичээл сурагчдад амьдралд нь хамгийн их тус хүргэнэ гэж бодохоор өөрийн мэргэжлээр бахархаж, улам илүү хичээх хэрэгтэй хэмээн боддог. Юу ч сонсохгүй хүүхдүүдтэй ажиллаж буй багш нар энгийн багш нараас ачаалал өндөр шүү. Энгийн 5-6 сурагчтай ажиллах нь нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллахтай тэнцдэг гэсэн норм ч байдаг юм. Жишээ нь, энгийн хүүхдэд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмийг хэлээд өгөхөд л бараг ойлгоно. Гэтэл сонсголын бэрхшээлтэй хүүхдэд хэлж заахаас гадна биеэрээ яг үлгэрлэж үзүүлэхгүй бол болохгүй шүү дээ. Манай хүүхдүүд чинь энгийн сурагчдын л адил том том тоног төхөөрөмж дээр ажиллана. Тэр бүрийд техник аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын дүрмийг ягштал сайн ойлгуулахгүй бол болохгүй. Тэгээд модоо танилцуулахаас л эхэлнэ дээ. Багаж тоног төхөөрөмж, бүтээл, бүтээгдэхүүн гээд угаас хөдөлмөрийн хичээл бол амьдралд нь /тэр дундаа сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд/ их ойр хичээл шүү дээ.
-Таны зааж буй хичээл амьдралд хамгийн эрэлттэй санагдана. Төгссөн шавь нар хэр бүтээлч байна вэ?
-Миний заадаг хичээл хүүхдүүдийн амьдралд хэрэг болохоор барахгүй, сурсан мэдсэнээ улам батжуулаад түүгээрээ хоолоо олж идэж буй олон хүүхэд бий. Шавь нараас Шаравын Телегин , Баярсайхан гээд СУИС-ийн сийлбэрийн анги төгсөөд уран бүтээлээ хийцгээж байна. Төгссөн шавь нар ч байнга эргэж уулзаж асууж лавлаж холбоотой байдаг. Хөдөөгүүр гэрийн мод, тавилга хийж бүр мэргэшсэн олон шавь нар бий.
-Жил бүр л тухайн тухайн хичээлээр янз бүрийн олимпиад болдог. Тусгай сургуулийн хүүхдүүд түүнд оролцох боломж бий юу?
-Байлгүй яах вэ. Манай сургуулийн багш нар, тэр тусмаа техник технологийн улсын олимпиадад амжилттай сайн оролцож байна. Анх 1990-ээд оноос “Техник технологийн улсын олимпиад “гэж болдог байсан хэдий ч тусгай сургуулийн хүүхдүүд тэр олимпиадад оролцдоггүй байсан. Би хэсэг сурагчид бэлдэн тэрхүү олимпиадад анх 2006 онд ороолцсоноос авто загварын төрлөөр хоёр сурагч амжилттай оролцож мөнгөн, хүрэл медаль хүртсэн нь хөгжлийн бэрхшээлтэй сурагчид ч гэсэн эрүүл сурагчидтай адил хэмжээнд өрсөлдөж чадах юм байна гэдгийг харуулсан.
-Таныг багш гэдгээс гадна уран бүтээлч гэж мэдэх юм байна. Таны “Хагацал” гэх нэгэн сийлбэр бүтээл их сонин өвөрмөц бүтээл болсон санагддаг. Тухайн үед бас урлаг судлаачид, уран бүтээлчдийн сонирхлыг ихэд татаж байсан санагдана?
-Тийм ээ. Зав зайгаараа хувийн уран бүтээлээ хийнэ. “Хагацал” модон сийлбэрийн бүтээл. Ганцаараа үлдсэн гичий чоно. Сүүлээрээ дэлэнгээ арчиж байгаа байдлаар хийсэн бүтээл. Цаад агуулга нь өөрөө чухал сэдэв байсан учраас хүмүүсийн сонирхол их татсан байх. Байгаль орчинг сүйтгэж болохгүй гэсэн утгатай юм.
-Таны цөөнгүй бүтээлүүд Уран зургийн галерейд бий байх шүү?
-Миний үндсэн мэрэгжил юм. Модон сийлбэр гэдэг бол. Чөлөө заваараа бүтээлээ туурвих дуртай. Хэд хэдэн бүтээл маань Монголын урчуудын эвлэлийн галерейд бий. МУЭ –ийн “Хавар” үзэсгэлэнд “Хатан” модон сийлбэрийн бүтээлээр оролцсон. “Хатад” гэхэд л хэд хэдэн янзаар хийж байсан.
-Таны “Ураг” хэмээх нэгэн бүтээлийн санаа, ур хийц нь сонин санагдаж байсан. Ер нь тэр лут лут санааг хаанаас ургуулан олж байна вэ?
-Санаа бол хаа сайгүй л байна. Гагцхүү тэрийг хэрхэн яаж зөв боловсруулах вэ гэдэг л чухал. Санаа олдлоо гээд л мод, багажаа бариад авахгүй шүү дээ. Тархиндаа маш удаан боловсруулна. Скизээ гаргана. Яавал илүү аятай, сайхан , зөв болох вэ гээд л уран бүтээлч бүрийн л “зовлон” юм даа. Ураг хэмээх бүтээл ийн тухайд модны ур ашиглаж хийсэн . Цэцэг навч дэлгэрнэ. Үр хүүхэд өсөж үржинэ гэх мэт санаа бол том. Хэдий том санаа байлаа ч тэрийг яавал, юугаар, хэр хэмжээнд гаргах вэ гэдэг нь уран бүтээлчийн л хэр хэмжээнээс хамаарна.
-Та сүүлийн үед шавь нартайгаа хамт хүүхдийн тоглоом урлаад байна уу?
-Монгол хүүхдүүдэд зориулан оньсон болон хөдөлгөөнт тоглоомуудыг зураг, төслийг нь өөрөө гарган хийж туршсан нь амжилттай болсон. Одоо харин үйлдвэрлэх санаа бол байна. Гэхдээ аливаа зүйлд санхүү эдийн засаг гэж нэг том юм байна . Уг нь хаана, хэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, химийн ямар хортой будгаар будсан нь эргэлзээтэй тоглоомоор хүүхэд багачуудаа тоглуулахаас татгалзах хэрэгтэй юм. Би эргэн тойрныхноо ингэж уриалж, уриалгаа хэрэгжүүлэхээр хичээж явна. Уг нь сургуулиуд эхний ээлжид сурагчдынхаа хүчийг ашиглаад ойр тойрны цэцэрлэгүүдээ иймэрхүү модон тоглоомоор хангачих хэрэгтэй санагддаг. Шороо тоос татдаг зөөлөн тоглоомууд, химийн хортой будгаар будсан гял цал элдэв тоглоомуудаас татгалзаад өрдөг, угсардаг гэх мэт бүтээлч тоглоомоор тоглуулах хэрэгтэй л санагдаад байгаа юм. За яах вэ, багшлаж байх хугацаандаа энэ ажлаа олигтой ахиулж барахгүй бол нэг л өдөр жижгэвтэр тоглоомын үйлдвэртэй болно доо гэж мөрөөдөж л явна. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш. Уг нь техник технологийн багш нар, тэдний шавь нар гэж маш том арми байна шүү дээ. Яам гаднаас, Хятадаас хүүхдийн тоглоом авчирч тийш нь мөнгө урсгах биш, сургалтын материаллаг базыг нь дэмжих замаар мөнгөө Монголдоо үлдээж багш шавь нарын улам бүтээлч болгох хэрэгтэй. Дотоодын цэцэрлэгийн хүүхдийн тоглоомоо хангах бүхий л боломж бий гэж харж байгаа.
-Уран бүтээл гэдэг өөрийн хүүхдээс өөрцгүй. Шавь нар ч мөн адил. Ингэхэд уран аавын хүүхдүүд аавынхаа авьяасыг өвлөж байна уу?
-Өөрийн хүүхдүүдээс одоогоор уламжилж буй хүүхэд алга л байна. Би хүү, охин хоёртой. Хүү Их засаг их сургуулийн оюутан. Охин онцгой байдлын газарт ажиллаж байна. Хэдийгээр тэд маань нэг их сүйд болтол зураад, сийлээд байгаа юм алга. Гэхдээ гарын ур бий гэж хардаг. Шавь нар маань үнэхээр сайн бүтээл хийж гэмээнэ багш хүний хувьд бас нэг бахархал юм даа.
-Өлзий багшийн “тоглоомын үйлдвэр” нээгдэх тэр сайхан өдөр эргэн уулзая.