Булган аймгийн Бугат сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Б-ийн аминд энэ сарын 19-20-нд шилжих шөнө дөрвөн залуу бүлэглэн халдаж, улмаар тархиндаа хүнд гэмтэл авсан тэрээр ухаан орохгүй байсаар амиа алдсан хэрэг гарсан билээ.
Цагдаагийн байгууллагаас уг хэргийг “Ах дүү нар хамт архи ууж байгаад маргалдаж, улмаар нэгнийхээ аминд хүрсэн” хэмээн мэдэгдсэн юм. Гэвч энэ нь улс төрийн маргаан, өс хонзонгийн сэдэлтэй байж магадгүй гэж ар гэрийнхэн нь үзэж байгаа гэх. Учир нь талийгаач Б нь АН-аас олон жил сумынхаа ИТХ-д нэр дэвшин сонгогдсон нэгэн байжээ. Харин түүний аминд хүрсэн хүн нь МАН-ын гишүүн байсан гэх.
Тэгвэл энэхүү хэргийн талаар өнөөдөр Ардчилсан намаас мэдээлэл хийх юм байна. Тодруулбал, Ардчилсан намын төв байрны таван давхрын хурлын зааланд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай нар энэ асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх аж. Хэрэг гардаг шөнө эдгээр залуус үүрээр талийгаачийн гэрт ирж, улмаар хэрүүл өдөн цохиж унагасан бөгөөд эхнэрийг нь мөн зодсон гэх мэдээлэл бий. Үүний улмаас эхнэр нь мөн тархиндаа хүнд гэмтэл авчээ.