ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тэнгэрлэг Монгол

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2018-12-25

БНХАУ-ын удирдагч Дэн Сяо Пиний эхлүүлсэн өөрчлөлт, шинэчлэлт бүтээн байгуулалтын 40 жилийн ойн баярын арга хэмжээ саяхан болж өнгөрсөн билээ. Энэ ойн баярын үеэр Өвөрмонголын алдарт дуучин С.Тэнгэр БНХАУ-ын “Алтан хоолойт дуучин” хэмээх алдрыг хүртжээ.

Монгол үнэр сэнгэнүүлж, монгол дуугаа дуулдаг энэ эгэл боргил элэг нэгтэн маань Дэлхийд Монголын тал нутгийг мэдрүүлж яваа нэгэн. Тэрбээр 1989 онд Хятадын эстрадын дуучдыг шалгаруулах тэмцээнд оролцож шилдгээр шалгаран нэр алдар нь түгжээ.

Үүний дараа буюу 1991 онд аяыг нь зохиосон “Аав бид хоёр” дуу нь Азийн хөгжмийн наадмаас хоёрдугаар байр эзэлсэн. Мөн Ч.Чимидийн “Би монгол хүн” шүлгээр бүтээсэн дуу монгол туургатны сүлд дуулал болтолоо түгсэн. Монгол хүний чадал, авъяасыг түмэнд түгээж, их гүрний “шороон түмэн” ард түмэн дундаас ялгаран цойлж гарна гэдэг хэр баргийн аавын хүүгийн хийдэг ажил биш. Үнэхээр талын салхины  хөг эгшигт бүүвэйлүүлж, монгол эхийн цагаан сүүний гэгээн дусал болон төрж, энгийн борог өвсний зовлонг  мэдэрсэндээ энэ хүн ийм агуу их амжилтын эзэн ч болсон юм бил үү, хэн мэдлээ.

Тэнгэрийн дор төрж, тэнгэрийн дор нөхцдөг энэ орчлонд Тэнгэр гэдэг нэг Монгол туургатан маань од мэт гялалзаж яваад нь дэлхийн өнцөг буланд амьдран суугаа  элэг нэгтэнүүдийн бахархал нь болж байна. Нэг ч гэсэн монгол хүн нэг их үндэстэнийг араасаа дагуулж, алдар хүндийг хүртэж явна гэж санахаар уярахгүй, бахдахгүй, магтахгүй байхын аргагүй.