ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Түрүүлж дуугарсан “хөхөө”

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-26

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж түүнийг танхимынхаа эсрэг ажиллалаа гэж үзэж, ажлаас чөлөөлөх саналыг гаргасан гэх мэдээлэл байна. Харин дэд сайд Б.Энхбаяр твиттер хуудсандаа “Би өргөдлөө өгөөгүй.

“Таалагдахгүй байна” гэдэг үндэслэлээр чөлөөлснийг хэвлэлээс мэдлээ” гэж жиргэсэн байх юм.  Дэд сайдыг ажлаас чөлөөлөхдөө өөрт нь мэдэгдэхгүй байв гэж.  Тэгээд ч танхимынхаа эсрэг ажиллаж байгаа дэд сайдаар яах билээ. Сүүлийн үед дэд сайд Б.Энхбаяр хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон хувийн цахим хаягаараа Засгийн газар руу хэтэрхий их “нулимсан”. Эрүүл шүүмжлэл байх хэрэгтэй юу гэвэл тийм. Харин ажил явуулах гэхээр бодлогоос зөрөөд, шүүмжлэлээс давсан, нуруу руу “хутгалах” хэмжээнд хүрээд байвал яаж хамтарч ажиллах билээ.  

Албан байгууллагын ажилчид хүртэл дотоод журмаа, үйл ажиллагаа чиглэл, бодлогоо барьж ажилладаг биз дээ. Засгийн газар түүнээс ялгаа юу байх билээ. Байгууллагын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй, дотоод журмыг дагахгүй хүнтэй хэн ч хамтарч ажиллахгүй. Засгийн газар ч ялгаагүй. Тиймээс түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг гэгчээр ажлаасаа чөлөөлөгджээ.  Хувь хүнийхээ хувьд тэр чадвартай хуульч, энэ салбарт хэрэгтэй боловсон хүчин.  Дэмжиж, сайшаахаар санал санаачилга гаргаж, хэрэгжүүлснийг нь ч үгүйсгэхгүй. Гэхдээ багаас том тоглогч гэж байдаггүйтэй адил Засгийн газраасаа давсан “том” дэд сайд гэж байж болохгүй юм.