Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Баруун бэрх” гэх газарт оршин суух иргэн “Б” нь Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт бусдад зодуулсан байдалтай энэ сарын 19-ны өдөр ирж хэвтэн эмчлүүлж байгаад 22-ны өдөр нас барсан хэргийг Булган аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Хэргийг тодруулбал, энэ сарын 18-19-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин иргэн “Б” түүний эхнэр “У” болон тус багт оршин суух 4 гэр бүлийн нийт 10 хүн “Б”-ийн гэрт архидан согтуурчээ. Улмаар хохирогчийн эхнэр “У” нь уг хэрэгт шалгагдаж байгаа “Д” гэгчийн эхнэртэй үл ялих /хүндэлж харьцсангүй гэх/ зүйлээс болж маргалдсан байна.
Харин тэднийг өмөөрч нөхрүүд нь хоорондоо зодолдсоны улмаас иргэн “Б” гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан байна. Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас “Уг хэрэг улс төрийн шалтгаанаар үйлдэгдсэн” гэсэн мэдээлэл нь худал бөгөөд цаашид хэргийн талаар буруу, ташаа мэдээллийг олон нийтэд хүргэхгүй байхыг анхааруулсан байна.