ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шинэчлэгч

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-12-30

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намдаа хоёр удаа “их цэвэрлэгээ” хийлээ. Өмнө нь МАХН одоогийн МАН-ыг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас салгаж, намаа шинэчлэх цаг болсныг тодоор зарлаж, нэрийг нь  хүртэл сольж байсан юм.

Түүний өөдөөс тухайн үед У.Хүрэлсүхээс өөр сөрж, зогсох зүрхтэй хүн байгаагүй гэдэг. Үүгээрээ тэр намдаа үнэлэгдэж чадсан. Харин одоо МАН-д үргэлжид эрх мэдэл, албан тушаалыг тасралтгүй хашиж байсан УИХ-ын дарга М.Энхболдоос намаа салгах гэсэн түүний хоёр дахь “их цэвэрлэгээ” эхэллээ.  

МАН-д “Хотын фракц” гэх бүлэглэлийг бий болгож, өнөөгийн нийгэмд тогтсон бүхий л муу муухай зүйлийн эхлэл, үргэлжлэл хоёрыг түүчээлж,  яваа түүнээс намаа бас улсаа аврахаар тэмцэж буй. Энэ нь улс төрд шинэ эхлэл, шинэ эргэлтийн суурийг тавьж чадлаа. 99 жилийн түүхэнд байгаагүй алхмыг МАН-д тогтоох гэж зорилоо.

Магадгүй анх удаа МАН дотооддоо “дайн” зарлаж, тэр нь олон нийтэд ил болж, түмний нүдэн дээр өрнөж байж ч мэднэ. Энэ нь бол сайн жишиг. Төр, нам хоёр цэвэршихийн дохио. Түүний тэмцэл, түүний их цэвэрлэгээ амаргүй байж мэдэх ч тэр эхлүүлж чадсан.

Харин үргэлжлэлийг нь бусад хийх ёстой. Одоогоос 30-аад жилийн өмнө улс төрд хаалга тогшилгүй орж ирсэн 20 гаруйхан настай цэргийн бага дарга  МАН-ын дотоод бодлогод үргэлжид нөлөөтэй байж ирсэн. Түүний нөлөөлөл аль ч цаг үед үнэ цэнээ алдаж байгаагүй. Тиймээс намын дэмжигчид, гишүүд нь түүнээс зөвхөн шинэчлэлийг, шударга ёс, дэглэмийг хүсдэг.