Тээврийн цагдаагийн алба шинэ жилийн баярын өдрүүдээр нийслэл хотын хэмжээнд 129 уулзвар, гудамж замын хяналтдаа авч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэсэн ба эдгээр өдрүүдэд замын хөдөлгөөн ачаалал багатай хэвийн үргэлжилжээ..
Хоногийн нөхцөл байдлын мэдээгээр шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд улсын хэмжээнд зам тээврийн осол, зөрчлийн талаарх дуудлага мэдээлэл 892 хүлээн авснаас 306 зам тээврийн ослыг бүртгэлд авч шалган шийдвэрлэсэн аж.
Бүртгэгдсэн зам тээврийн осол зөрчлийн улмаас таван хүний амь нас хохирч, 35 хүн тодорхой хэмжээний бэртэл, гэмтэл авчээ. Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүн өсөлт бууралт үгүй, гэмтсэн хүний тоо 12.9 хувиар өссөн байна.
Хүний амь нас хохирсон осол Сүхбаатар, Баянхонгор, Орхон аймаг, Багануур, Сонгинохайрхан дүүрэгт тус тус бүртгэгдсэн ба хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрийг нь авч үзвэл гурван явган зорчигч, нэг жолооч, нэг тээврийн хэрэгслээр зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна.
Эдгээр ослын 60 хувь нь орон нутгийн замд онхолдох хэлбэрээр гарсан аж. Улсын хэмжээнд хүүхэд өртсөн осол гурав бүртгэгдсэн, хүний амь нас хохирсон осол бүртгэгдээгүй, гурван хүүхэд тодорхой хэмжээний бэртэл гэмтэл авсан үзүүлэлтийг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад хүүхэд өртсөн осол 57.1 хувиар буурчээ.
Өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл улсын хэмжээнд 18.9 хувиар, нийслэлд 18.6 хувиар өсч, бүртгэгдсэн зам тээврийн осол улсын хэмжээнд 3.8 хувиар, нийслэлд долоон хувиар буурсан байна.