АТГ-аас өнгөрсөн оны аравдугаар сард Төрийн банкны гурван захирал, гурван теллерийг 461 дүгээр ангид цагдан хорьж байсан удаатай. Тэр ч битгий хэл албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан хэргээр нэр бүхий гурван хүнийг сар хорих шийдвэрийг шүүхээс гаргаж байв. Түүнээс өмнө Төрийн банкны орлогч захирлаар ажиллаж байсан Т.Дорждэрэмийг АТГ-аас саатуулж, шалгаж байсан юм.
“Хэрүүлийн алим” болчихоод байгаа Төрийн банкны захирлуудыг авлига, албан тушаалын хэргээр баривчилдаг уламжлал Д.Баярсайхан захирлын үед ч үргэлжилж байна. Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайханыг 20 тэрбум төгрөгийн авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлж. Тэр битгий хэл прокурорын байгууллагаас түүнийг яллагдагчаар татах санал гаргасан талаар мэдээлэл гарсан. Ямартай ч түүнийг хууль, хяналтын байгууллагаас шалгаж эхэллээ.
Асуудал хаашаа эргэхийг цаг хугацаа харуулах биз. Хамгийн гол нь Төрийн банк улстөрчдийн, тэдний гар, хөл болсон хүмүүсийн “мөнгөний машин” болж хувираад байгааг энэ бүх түүх харуулж байгаа юм. Цагтаа Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байхдаа бас л хууль, шүүхийн байгууллагатай орооцолдож явсан Д.Баярсайхан ч энэхүү “мөнгөний машин”-ы жолоог багагүй хугацаанд мушгихдаа авлигын хэрэгт нэр холбогдож байгаа нь энэ. Тэр Төрийн банкны захирлуудын авлигын хэргийн залгамжлагч болж, ихээхэн мөнгөн дүнтэй хэрэгт нэр холбогдлоо. Том ар нь л хамгаалаад, хамрыг нь сөхүүлчихгүй бол хууль хяналтынхан учрыг нь олж, хужрыг нь тунгаах байлгүй.