ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Мөнхшүр: Хулгайд алдагдсан 13 машиныг эзэнд нь эргүүлж өгсөн

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-04-30

Нийслэлийн цагдаагийн газраас өнгөрөгч баасан гарагт нийслэлд үйлдэгдэж буй гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын дараа автомашин хулгайлдаг гэмт бүлэглэлийн илрүүлэн, дайчлан баривчилсан асуудлыг Нийслэлийн цагдаагийн газрын Хэвлэл олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн ахмад М.Мөнхшүрээс тодрууллаа.

-Гэмт эт­гээ­дүүд хэч­нээн авто­машин хул­­­гайлсан бай­сан бэ?

-Нийслэлийн хэм­жээнд 2016 оноос хойш тэр дундаа приус-11, приус 20 маркийн нийт 23 авто­ма­шины хул­гай­лах гэмт хэрэг үйлд­сэн бүлэг эт­гээ­дүүдийг дайч­лан барив­чил­­лаа. Уг эт­­­­гээдүүд нь эр­­хэлсэн то­дор­­хой ажил­гүй, нийслэл хо­тод оршин суух хаягтай, 25 настай эрэг­тэй “П”, 25 нас­тай эрэгтэй “И”, 25 настай эрэгтэй “О”, 26 настай эрэгтэй “М” нар байсан. Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хэргийг үйлдэгч этгээдүүд нь мөрдөн байцаах ажиллагааны урьдчилсан мэдүүлэгтээ “Таксинд суугаад жолоочтой яриа өдөж ахаа эгчээ би ар гэрийхэнтэйгээ муудсан гэх мэт элдэв шалтгаан зохиож итгүүлээд, та манайд ороод таксины мөнгө аваад ирнэ үү” гэж хэлээд буугаад явах үед машиныг нь унаад зугтаадаг гэсэн байсан. Мөн гэр хорооллын камерын хяналтгүй газар тавьсан “Тоёота Приус 10”, “Приус 20” авто машинуудыг хоёр минутын дотор түгжээг нь онгойлгон нэвтэрч хулгайлдаг хэмээн мэдүүлсэн.

-Хулгайд алдагдсан автомашинууд бүрэн бүтэн олддог уу?

-Одоогийн байдлаар 30 орчим машиныг олж тогтоосон бөгөөд 13 машиныг хохирогч нарт хүлээлгэж өгсөн. Уг хэргийг үйлдэгчид машиныг хулгайлаад арлын дугаар, тээврийн хэрэгсэл гэрчилгээ, улсын дугаарыг солиод “Үнэгүй.мн” гэх мэт сайтуудаар зар тавьж бусдад зарж борлуулдаг байсан. Хулгайлсан машинаа доод тал нь 8-9 сая төгрөгөөр худалдан борлуулдаг болох нь тогтоогдсон.

-Арлын дугаар, техник хэрэгслийн дугаарыг хэн дуртай нь сольж болдог юм уу. Эрх бүхий албан тушаалтан холбогдсон уу?

-Холбогдуулж шалгана. Төмөр хавтан дээр цохидог арлын дугаарыг мэргэжлийн автомашин засварчид хийдэг учир хэрэгтэй холбогдуулан машин засварын газруудад хяналт тавьж ажиллан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээд явж байна.

-Дээрх хэрэгт хэдэн жилийн ял оноох вэ?

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дэх хэсэг “Хулгайлах” гэмт хэргийн зүйл ангиар хянана. Зохион байгуулалттай гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн тохиолдолд 5-10 жилийн жилийн ял онооно гэж хуульд заасан байдаг.