ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Задгай цагаан”

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-06

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэж шинэ “Задгай цагаан” байна.  Амнаасаа гарч байгаа үгсээ аргамжиж, бодолтой ярина гэдгийг энэ хүн мартаад удсан. Цахим сүлжээнд өр дарсан гэж шоудана. Эдийн засаг өсөж, энэ улс баяжиж байна гэж байнга “хулхидна”.  “Намайг Сангийн сайдаар ажиллаж байгаа цагт төсөв тодотгохгүй” гэж бардамнана.

Өөрийнхөө тойрогт тэрбум тэрбумаар хуваарилж даналзана.  Сүүлдээ бүр Увс аймгийн иргэдийн дэмжлэгийг авч УИХ-д сонгогдсон гэдгээ мартаад, Удирдах зөвлөлийн томилсон гишүүн мэт авирладаг боллоо.  УИХ-ын чуулган хуралдаж чадахгүй байсаар намар, өвөл дуусаж, цагаан сартай золгох гэж байна.  Үндсэндээ чуулган хуралдах хоёр, гуравхан л өдөр үлдээд байгаа.

Их хурлын гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг өргөдлөө өгөхийг шахаж, чуулганы бойкотлоод удаж буй. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас асууж, чуулгандаа суухыг сануулахад “Манай намын Удирдах зөвлөл, бага хурлын  шийдвэр гарсан. Бүгд бүгдээрээ улстөрчид учраас энэ шийдвэрийг дагах ёстой. Бид Бага хурлын шийдвэрээр УИХ-д нэр дэвшиж, сонгогдсон” гэж хариулна билээ. Энэ хүн төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлж, Увс аймгийн иргэдийг төлөөлөн УИХ-д сууж, чуулганд оролцох ёстой гэдгээ таг мартаад удсан бололтой.

Манай улс парламентын засаглалтай. Гишүүд парламентаа бүрдүүлж, хуралдаж байж энэ засаглал урагшаа ахиж, шийдвэрээ гаргаж, бодлогоо тодорхойлох ёстой баймаар. Гэтэл нэг намын Удирдах зөвлөл, Бага хурлын шийдвэр парламентыг гацаагаад л. Ард түмнээс сонгогдсон гишүүн, сайд хүн намынхаа Удирдах зөвлөлийг төрийн дээр тавьчихаад, “сөгдөж мөргөөд” байж болох уу. Мань эр ингэж болохгүйг мэдэхийн дээдээр мэдэх учиртай. “Задгай цагаан” амлаж л санаандаа орсныг хэлж байгаа биз. Ер нь тойргоос гишүүн сонгох хэрэг алга даа, ийм байвал.