ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Түүгээр явсан Сандуй, үүгээр эргэлдээд яах билээ

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2019-01-06

Ц.Сандуй гэдэг залуу нийслэлийн МАН-ыг удирдан сонгуульд оролцож, орон нутгийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. 45 суудлын, 35-ыг авч ирж, нийслэлд намаа дийлэнх олонх болгосон гэдэг утгаар нь авч үзвэл тэрбээр намдаа томоохон тус хүргэсэн нэгэн яах аргагүй мөн. Гэхдээ, ахиад л томоор хэлье “ГЭХДЭЭ”, хэлбэр нь аргаа зөвтгөдөггүй хорвоод түүний авч ирсэн ялалт бол булхай луйврын, өөрөөр хэлбэл хууль бус ялалт байсан билээ. Учир нь тэрбээр хуулийн дагуу шударгаар өрсөлдөөд олонх болж чадсангүй. 

Түүний оронд хууль бусаар төрийн албыг зарна хэмээн төлөвлөж, төрийн эрх мэдлийг мөнгө босгох схем болгон харж, түүнийгээ намынхаа удирдах түвшинд танилцуулж байж ялалт авч ирсэн байдаг юм. Эдүгээ харин манай нийгэм тэр хэргийг “60 тэрбумын хэрэг” гэдэг нэршлээр нь андахгүй мэддэг болж. “60 тэрбумын хэрэг” гэдэг зүйлд намынхаа даргын (тухайн үеийн), намынхаа нэр хүндийг хутгаж, өнөөдөр намаа хоёр хуваахад хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол яах аргагүй Ц.Сандуйтан юм.

Хэдийгээр түүнийг хийсэн үйлдлийн үр дүнг хэлбэр талаас нь харах юм бол нам нь ялалт байгуулсан нь сайн юм шиг боловч, зорилгодоо хүрэх арга нь буруу байсны улмаас өнөөдөр МАН-ын нэр хүнд түүхэндээ байгаагүй доод хэмжээнд хүртэл унаж, нам нь тэхий дундуураа хоёр хуваагдаж, эрх барьж буй намын зовлон төрийн зовлон болон хувирч буй өнөө үр дүнг агуулга талаас нь харах юм бол түүн шиг муу, хэрэггүй хүн алга.

Өнөөдрийн МАН-д үүсээд буй бүхий л нөхцөл байдлын гол буруутан бол яах аргагүй Ц.Сандуй. Нийслэлд бүү хэл, улсын бүхий л түвшинд ялалт байгуулсан нам нь өнөөдөр Ц.Сандуйгийн санаачилсан “60 тэрбумын хэрэг”-ээс болж тэр гэхийн тэмдэггүй хямралд ороод байна. Ердөө 2016 онд буюу жилийн өмнө УИХ-д 65 суудал авч, орон нутгийн бүхий л түвшинд ялалт байгуулж байсан нам, ердөө жилийн дараа буюу 2017 онд “60 тэрбумын хэрэг”-ээс болж Ерөнхийлөгчийн сонгуульд навс ялагдсан билээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаасаа болж, намын дарга байсан М.Энхболд нь хариуцлага тооцуулж намынхаа даргын суудлыг өгч, түүний тавьсан ерөнхий сайд ч ог­цорч, ул­маар өнөөдөр өөрөө УИХ-ын дар­гын аж­лаа өгөх дээ­рээ тулаад бай­на. Засаг нь огцорсноосоо бо­лоод нам нь хоёр хувааг­даж, УИХ-ын чуулган хуралдаж чадахгүй дээ тулаад байна. Түүнийгээ дагаад хэргийн эзэн, хэнгэргийн дохиур Ц.Сандуй ч НИТХ-ын даргын ажлаа өгсөн юм. Хэдийгээр өөрөө сайн дураараа ажлаа өгсөн гэдэг боловч үнэндээ “60 тэрбумын хэрэг”-ээс болж ажлаа өгсөн гэдгийг захын нохой ч хуцаад хэлээд өгнө.

Хүн тэжээвэл толгой цустана гэдэг энэ буюу. М.Энхбодын толгойг хангалттай цустсан хүн бол мөн л Ц.Сандуй. Жаахан тодруулбал, М.Энхболд, түүний хотын фракцыг дагаж хэлд, хөлд орж, эрх мэдэл, эд баялагт хүрсэн тэрбээр, 60 тэрбумын бичлэгийн үеэр “У.Хүрэлсүх бол аалз, түүний хөлийг тасална” гэж хэлснээрээ өнөөдрийн бүхий л зовлонгийн үндсийг тавьсан юм.

Хэдийгээр “60 тэрбумын бичлэг”-ийн дундуур гарсан ганц өгүүлбэр төдий үг ч, Ц.Сандуйгийн амаар дамжиж гарсан хотын фракцынхны үг байсан учраас У.Хүрэлсүх өнөөдөр М.Энхболдтой эвлэрэхийн аргагүй муудалцаад буй нь энэ. Мөн эр, эмээ үзээд буй нь ч энэ л үгтэй холбоотой. Өөрөө өрсөж алахгүй бол өөрөө “аалз” болон няцлагдаж, хөл гараа тайруулах дээрээ тулаад байсан учраас У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудалд санаархаж, тэгж их тэмцсэн нь тэр. Тэгээд үргэлжлүүлээд намын дарга болсон нь ч тэр.

Үр­гэлж­лүү­лээд хо­тын фрак­цынх­ныг хог дээр ша­хаж буй нь ч тэр. Өнөөдөр харин өөрсдийг нь аалз болгоод хөл гарыг нь таслах гэж  буй нь тэр. Чухам өөрөө аалз болж хөлөө таслуулах уу, өрсөж өөрсдийг нь аалз болгон хөл гарыг нь таслах уу гэдэг л асуудал өнөөдөр хүртэл үргэлжилж байна. Тиймээс Ц.Сандуйг М.Энхболд гэдэг аалзны нэг хөл гэж үзэн НИТХ-ын  даргын албан тушаалаас нь ховхолсон хэрэг. Су.Батболдыг бас нөгөө хөл нь хэмээн бодож, Нийслэлийн засаг даргаас огцруулсан хэрэг.

Харин өнөөдөр нийслэлд хэн эзэн суухаа үзэж, аль аалзных нь хөл урт гэдгээ үзэлцэж байна. Гэтэл энэ л үед нэг хэсэгтээ чимээгүй байсан “60 тэрбумын хэрэг”-ын автор Ц.Сандуй гэнэт хэл ороод эхлэв. “Би намаа ялуулсан. Ялуулсан тул шагналаа авах эрхтэй” хэмээн хэвлэлд ярилцлага өгөн явна. Түүний санаархал нь Нийслэлийн засаг дарга биш юмаа гэхэд хуучин суудлаа мөрөөдөж буй нь энэ аж. Адаг­лаад, өөрөө НИТХ-ын дар­га болж чад­даг­гүй юм бол өөрийнхөө тө­лөө­ний хүнийг тавьчих гэсэн бодол­той, хор найруулж яваа нь энэ. Өнөө “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэдэг нь энэ бололтой.

Ямартай ч Ц.Сандуй бол МАН-д гавьяа байгуулсан нэртэй, тийм дүртэй ч үнэндээ бол намаа хоёр хуваасан “гай” юм. Харин тэрбээр гэмээ ухаараад түүгээр гүйгээд байсан боловч, саяхнаас ил гаран үүгээр гүйгээд байх болов. Уг нь түүгээрээ Н.Энхбаярын энгэрт 76 гэдэг номер, медалиа зүүж өгөөд цаг хэцүү цэгт намынхаа овогт “Х” үсэг нэмнэ гээд явж байсан бол өөрт нь дээр байх бай­лаа. Тэртээ тэргүй түүгээр явсан гайг, үүгээр дуудах тэнэг ахиж олдохгүй бизээ.