ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эндүүрсэн улстөрч

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-07

Монголчууд нэртэй хүний зүстэй хүүхэд гэж ярьдаг даа. Яг ийм хүүхэд бол Лу.Болд байлаа. Түүний хийж буй үйлдэл, хэрэгжүүлж байсан бодлого зэрэг нь ард түмэнд үнэлэгдэж “нэртэй эрдэмтний хүү ийм байхаас өөр яахав” гэж ярьдаг байсан юм. Тэрбээр хүмүүсийн сэтгэлд дипломатч дүр төрхөөрөө хоногшсон гэхэд болно. Гэтэл сүүлийн үед улс төрд гаргаж байгаа үйлдэл, үг яриа нь нэг л биш ээ. Үнэхээр төрөл арилжжээ. Хүн өөрчлөгдөж болно л доо. Гэхдээ ингэж 360 градус эргэнэ гэдэг сонин юм. УИХ-ын танхимаас нэг л өдөр гудамжинд гарч жагсаал зохион байгуулж, элдэв мэдэгдэл хийж, сахилгагүй хүүхэд шиг авирлаж эхэллээ.

Тэрбээр “М.Энхболдыг өрөөнөөс нь ард  түмэнтэйгээ нийлж байгаад чирч гаргана”, “Намаасаа гарна”. “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулна” гэх мэтээр янз бүрийн авир гаргах болов. Нэг бол Ардчилсан намынхаа эсрэг яваад байгаа ч юм шиг. Эсвэл намаа дэмжиж МАН-ыг унагах гээд байгаа ч юм шиг. Бүр цаашлаад харахаар “Эсгий хийх газар нохой хэрэггүй” гэдэг шиг энэ тэнд очиж хурал цуглаанд оролцоод л.Ер нь юу хийж, хаана очиж гишгэж байгаагаа ч мэдэхгүй хүүхэд шиг байх юм. Түүний хийж буй тэмцэл буруу гэж байгаа юм биш. Харин өндөр боловсролтой дипломатч хүн ийм үйлдэл, үг яриа гаргаад яваад байхаар хүмүүс гайхширч, “Энэ Лу.Болд зүгээр байгаа” гэж сэжиглэх боллоо. Хүнд өөрийн зан араншин гэж байдаг. Үүндээ л тохирсон үйлдэл гаргаж, улс төрийн тэмцлээ үргэлжүүлээч гэж түмэн олон чинь хүсэж байна. Бухимдсан байж болно. Харин бүдүүлэг авирлах нь улс төр гэж дөнгөж саяхан ойлгосон бол эндүүрэл болжээ.