“Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн 14 дүгээр гудамжны үзүүрт ухаангүй хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байна” гэсэн дуудлага энэ сарын 6-ны орой цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ажиллажээ.
Тэгэхэд Төв аймгийн харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 26 настай А гадны нөлөөтэй нас барсан байсныг тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулсан аж. Үүний үр дүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 13 дугаар гудамжинд оршин суудаг, “Өгөөж чихэр боов” компанид ажилладаг 28 настай Е гэгч болохыг тогтоож, 24 цагийн дотор дайчлан баривчилсан байна.
Буруутай этгээд нь хохирогчийн эд зүйлийг дээрэмдэх зорилгоор хоолойг нь боомилж, амийг нь хохироосон болох нь тогтооджээ.