Өвсний толгой ганхуулах цэцэгсийн үнэртэй салхинд морины дэл хийсгэн дуулж ирсэн монголчуудын дундаас дэлхийн хэмжээний дуучин төрнө гэдэг үндэстний том бахархал гэхээс өөр юу гэж хэлэх вэ.
М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаан, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын уралдаан, BBC Cardiff Singer of the World зэрэг дуурийн дуулаачдын чадал чансааг шалгадаг дэлхийн топ тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж ирсэн “Чингис хаан” одонт дуучин Г.Ариунбаатар Санкт-Петербургийн “Марийнский” театрт дахин дуулахаар болжээ. Гэхдээ энэ удаа урт хугацааны гэрээ байгуулан ажиллахаар болсон гэнэ. Г.Ариунбаатар 2017 онд “BBC Cardiff Singer of the World” уралдааны “Романс” төрөлд тэргүүн байр эзэлж, “Ари” төрөлд дэлхийн таван дуучны нэг болж байсан билээ. Энэ бүх амжилтууд нь түүнийг ийнхүү дэлхийд эх орныхоо нэрийг гаргах дардан замыг засч өгөв.
Анх Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт Б.Шаравын хөгжим, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын “Монголын тал нутаг” дууг дуулж, дэлхийн тайзнаа Монголын сонгодог урлагийг эгшиглүүлсэн талын Монголын хүү дэлхийд зартай том театрт дуулна гэдэг ховорхон хувь тавилан. Мөн эгэл жирийн монгол хүү сонгодог урлагийг дэлхийн түвшинд хүртэл эзэмшиж чаддаг гэдгийг харуулж, олон улс манай дуучдыг сонирхож, тоож эхлэх гэгээн мөрийг үлдээж байна. Монгол хүн дэлхий сонгодог урлагт магнайлах хэмжээний авъяас чадвар бий гэдгийг дуучин Г.Ариунбаатар дахин харууллаа.