УИХ-ын гишүүн гэдэг бол албан тушаал биш. Тухайн тойргийнхоо сонгогч нарын эрх ашгийг хамгаалж, ард түмний төлөөлөл болон танхимд сууж буй эгэл нэг төлөөлөгч байх ёстой. Гэтэл үүнийг улстөрчид эсрэгээр нь хэрэглэж хэвшүүлсээр өмнөх утга нь өдгөө алдагджээ. Тиймдээ ч өнөөдөр УИХ-ын гишүүн шиг том дарга үгүй болов. Ийм том дарга нарын нэг нь УИХ-ын гишүүн Б.Наранхүү. Дундговьчуудын төлөөлөл болсон энэ хүн УИХ-ын танхимд үзэгдэх нь өдрийн од шиг цөөхөн.
Ер нь бараг л ирэхгүй дээ. Гэхдээ заримдаа гэнэтхэн ороод ирнэ. Бүр эгзэгтэй үед шүү. Хэн нэгнийг албан тушаалд томилох, огцруулах хурлыг сонгодог нь хачирхалтай. Өнгөрсөн онд чуулганы танхимд цөөхөн харагдсан. Нэг удаа Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Жлчин сайдаар томилох тухай хэлэлцэх үед хүрэлцэн ирж билээ. Нөгөө нь энэ сарын 9-ны өдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэх хуралд хүрэлцэн ирж үг хэллээ.
Ийм хоёр тохиолдолд үг хэл гэж ард түмэн түүнийг сонгоогүй байх. Төрийн түшээ хүн гэхэд байнгын хорооны хуралдаанд орж ирэхдээ гудамжинд банди нар өмсч гангардаг хүрэм эгэлдэглээд сууж байгаа нь сайхан харагдсангүй. Монголчууд олддоггүй зүйлийг “ховор бараа” гэж зүйрлэж хэлдэг. Тэгвэл одоогийн УИХ-ын “ховор бараа” нь Б.Наранхүү болчихоод байна. УИХ-ын нэгдсэн хуралдаанд оролцдоггүй хирнээ шантааж хийх гэсэн мэт хэн нэгнийг томилох, огцруулах үед л морилон ирдэг болжээ, энэ хүн.