ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тунимхай улстөрч

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-10

Юм бүхэн хязгаар, хэмжээтэй. Ургаж буй модод ч, урсаж байгаа ус ч орчлонгийн тодорхой нэгэн орон зай, цаг хугацаанд бүрэлдэн нэгэн цагт үгүй болох жам гэж бий. Үүнийг хүмүүний амьдрал ч тойрдоггүй гэдгийг гадаадын улстөрчид маш сайн ойлгодог юм билээ. Харин манай улстөрчид л нэг сайн ухаарч өгөхгүй байгаа юм. Насны намар аль хэдийнэ өврийг нь дамжаад гарч явахад мэдсэн ч мэдээгүй юм шиг улс төртэй зууралдсаар суудаг боллоо. Улстөрчид өөрийнх нь үе нэр нөлөө өнгөрчихөөд байхад зүтгээд байдаг гэмтэй болжээ.

Хүн ер нь өөрийнхөө хэм хэмжээг мэдэх ёстой гэсэн нэгэн ухаантай үг байдаг. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан саяхан нэгэн ярилцлагадаа “Би шинэ үеийн улстөрчдийг бэлтгэх хэрэгт оролцьё гэж бодож байгаа. Соошл дээр ч идэвхтэй байж, хүмүүс­ийн сонголтод тусалъя гэж бодож байгаа. Миний хувьд хэн нэгний төлөө санал өгснөөрөө улс төрч хэвээр үлдэнэ шүү дээ. Саналаа өгч байгаа хүн бүр л улстөрч шүү дээ” гэж хэлсэн байх юм. АН-ын хамгийн шийдмэг зоригтой шийдвэр гаргадаг улстөрч хэмээн ард түмэндээ үнэлэгдэж явсан үе түүнд бий.

Харамсалтай нь намдаа тунимхай хүүхэн шиг гомдон өөр намын өвөр, түрий хэсч, байгуул­сан намаа тэврэн бусдын халаасанд хавчуулагдаж  нэрээ балласан. Одоо түүний улс төрийн орон зай дууссан гэж хүмүүс ярьдаг нь худлаа биш. Дуусаагүй байсан ч лав л эхлээгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Харин шинэ үеийн улстөрчдөө бэлтгэхдээ бусдын өвөр түрий дамждаг аргаа бүү заагаасай гэж хүмүүс шогширч байна. Шинэ үеийнхэн ядаж буруу зөв ч гэсэн өөрийнхөөрөө яваг.