ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Баянхонгорын “царцаанууд”

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-29

“Түшмэлээр тэрэгчний ажил хийлгэвэл тэрэг эвдэнэ, тэрэгчнээр түшмэлийн ажил хийлгэвэл төр эвдэнэ” гэдэг үг бий. Энэ үгийг одоогийн УИХ-д зориулсан болов уу гэлтэй яв цав таарч байх аж. 2016 оны сонгуулийн үр дүнд бий болсон парламентад түшмэл гэхээсээ илүүтэй тэрэгчид цуглачихсан байх. Тэд төр эвдэж дууслаа. Юу хийж, хэлж байгаагаа мэддэг, мэдэрдэг хүн энэ төрд бараг л алга. Түшмэлийн ажлыг тэрэгчнийхтэйгээ хольж хутгаж, амандаа орсон болгоныг баруун солгойгүй чалчиж байна. Амьдралаас нэгэнт тасарчихсан, талхны үнэ, махны өртөг мэдэхээ болиод удсан гэдгээ ч өдрөөс өдөрт баталсаар байх юм. Бүр тойргоороо нийлж этгээд авирладаг боллоо. Хатуухан хэлэхэд, “тэнэглэдэг” болчихсон. Тухайлбал, 2016 оны сонгуулиар Баянхонгор аймгаас сонгогдсон гурван гишүүнийг энд зориуд онцлохыг хүслээ. Сүүлийн үед аархуу болж, ард түмнээ басамжилж, доромжлох боллоо, тэд. Чуулганы завсарлагаанаар нутагтаа очиж, дуучидтай хоршихдоо л чансаагаа харуулсан тэд сүүлийн үед “тэрэгчин” гэдгээ дахин, дахин батлав. УИХ-ын гишүүн М.Билэгт гэхэд УИХ-ын чуулганы танхимд “Багш, эмч нар цалингаа голох ёсгүй” гэсэн утгатай үг хэлж, түшмэлийн ажил хийж чадахгүй хүн төр эвдээд явж буйгаа харуулав.

Ингээд бичихээр би огт тэгж хэлээгүй л гэж дайрах биз. “Эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажил хаялт зарлана гэлээ. Тэд үнэхээр цалингаасаа шалтгаалж ажилладаг сэтгэхүйтэй хүмүүс биш. Боловсролын салбарынхан ч мөн ялгаагүй. Төрийн үйлчилгээг иргэддээ хүргэх, үзүүлэх тангараг өргөөд ажиллаж байгаа” гэдэг үг чинь “эмч тангараг өргөсөн учраас төрөөс өгч байгаа цалинг аваад, дуугүй ажиллах ёстой” гэж байгаагаас ямар ч ялгаа алга. Монгол Улс эдийн засгийн хүндрэлтэй үед төрийн албан хаагчдынхаа цалинг нэмж чадахгүй байж болно. 

Гэхдээ эмч, тэр дундаа сувилагч нар цалингаа нэмүүлэхийг шаардах бүрэн эрхтэй.  Тангараг өргөсөн гээд хэдий болтол 500 хүрэхгүй мянган төгрөгийн цалинтай үхэн хатан зүтгүүлэх ёстой гэж. Ийм “тэрэгчид” төрд суугаад, “та нарт цалингаа голох эрх байхгүй” гэж “бахирч” байгаа цөвүүн цагт жирийн эмч, сувилагч Солонгос явахыг мөрөөдөхгүй гээд ч яалтай билээ.  Түүнийг энэхүү алдарт “ишлэлүүд”-ээ хэлээд удаагүй байтал Баянхонгороос сонгогдсон өөр нэг гишүүн болох Л.Элдэв-Очир илүү “ухаан”-тайгаа харуулаад амжлаа.  УИХ-ын чуулганд тэр болгон үг хэлээд байдаггүй тэрбээр гэнэт л хур судалгааныхаа зах зухаас дэлгэж, ард түмнээ гайхшруулав. “Таван хүүхэдтэй айлын аав, ээж ажил хийхийг хүсэхээ больсон. Нээлттэй ажлын байрны зарлал маш их байна. Ирээд ажил хийдэг хүн байхгүй. Шалгуулаад тэнцдэггүй. Зориуд унадаг. Таван хүүхдийнхээ 100 мянган төгрөгөөр сардаа амьдарчихна. Тийм байхад хар бор ажил хийгээд яах юм гэж боддог, ярьдаг болчихсон.  Цалингаа голоод сууж байгаа  эмч, сувилагчид 300, 500 мянган төгрөгийн цалин авч байснаас хүүхдийн мөнгөөрөө амьдраад, энэ улс яахыг харъя гэдэг бодолтой болчихлоо” хэмээн өөртөө ихэд итгэлтэй ярив. Ёстой л гайхамшигтай суут ухаан гэхээс өөр хэлэх ч үг алга. Энэ хүн юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байгаа. Монголд таван хүүхэдтэй айл тун цөөн. Тэр цөөн айл өрх хүүхдийнхээ 20 мянган төгрөгөөр амьдрах гэж, гэртээ элгээ эвхээд хэвтэж байж таарах уу. 100 мянган төгрөг хэр их мөнгө билээ. Л.Элдэв-Очир мэтийн хэтийдсэн баян хүмүүст үнэтэйхэн 100 грамм л архи авах мөнгө. Эсвэл үнэтэй ресторанд таваг хоол авч хүрэх үү, үгүй л мөнгө шүү дээ. Ийм мөнгөөр долоон ам бүл сар амьдарч хүрэх үү.

Монголд ажил хийх сонирхолгүй хүн цөөнгүй бий гэдэгтэй санал нэг байгаа. Олон дотор янз бүрийн л хүн байдаг байх. Хүний хөдөлмөрийг бөгсний алчуурын чинээ үнэлдэг болохоор дургүй нь хүрээд хямдхан хөлсөөр ажиллахыг хүсдэггүй иргэд ч бий л байх. Халамжийн бодлого хэрээс хэтэрч байгаа нь ч бас ортой. Гэхдээ хүүхдэд өгч байгаа 20 мянган төгрөгөө халамж гэж андуурч байна, МАН-ын улстөрчид. Төрөөс хүүхдэд өгч байгаа дусал мөнгөөр хоол авч идчихээд, хүйтэн гэрт, өмсөх хувцасгүй шалдан хэвтээд байгаа хүн байна гэж бодож чадаж байна, тэд. Эмч, сувилагч нар 500 мянган төгрөгийн цалингаа нэмүүлэхийн тулд хүүхдийнхээ 20 мянгаар амьдраад, ажил хаялт хийнэ гэж сэтгэж байвал  ухаанд чинь ухна ишиг битгий хэл бие гүйцсэн шар үхэр ороод үхчихжээ гэж хэлье, Л.Элдэв-Очир гишүүн ээ. 4, 5 хүүхэд төрүүлээд, энэ улсын хүн амыг өсгөөд, түүнийхээ хажуугаар хуруу хумсаа хугалан хөдөлмөрлөж байгаа эцэг, эхчүүдээс та уучлал гуйх ёстой. Тэр битгий хэл 4, 5 хүүхэдтэй эцэг, эхчүүд Л.Элдэв-Очир гэдэг гишүүнийг ингэж доромжилсных нь төлөө шүүхэд өгөх ёстой. Ядаж хэлэх  үгээ ухаантай хүнээр бэлдүүлчихээд, түүнийгээ уншаад сурчихаач “тэрэгчид”-ээ.  Баянхонгороос сонгогдсон өөр нэг гишүүн нь Г.Занданшатар.

Нөгөө хоёрыгоо бодвол хэдэн удаа парламентад суучихсан, бас ч гэж түшмэлийн ажил хийж сурч байгаа нэгэн. Одоо Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа. Мань эр саяхан Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийхдээ ойрын гурван жилд 38.3 их наяд төгрөгийн 113 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж мэдэгдэнэ билээ. Ганцхан түүний ч амлалт биш л дээ. Засгийн газрын хөтөлбөр.  Одоо 10-аад их наядын хөтөлбөр нэгэнт хэрэгжиж байгаа. Харин цаашид 28.3 их наядын төсөл, хөтөлбөрийг нэмж хэрэгжүүлэх юм гэсэн. Бас л том амлалт.  Ам.доллараар тооцвол Монгол Улс 2021 он хүртэл 15 тэрбум ам.долларын өртөг бүхий төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нь. Баянхонгороос сонгогдсон гишүүд маань нэг иймэрхүү л маягтай ажиллаж байна. 2016 оны сонгуулиар “царцаа” нүүлгэсэн асуудалд зарим нь хутгалдсан. Нэг хэсэгтээ л баримт нотолгоо нь гарсан талаар шуугисан. Бичлэг хүртэл цацаж л байлаа. Гэвч эрх баригчид үнэмлэхүй ялалт байгуулсан болохоор “царцаа”-ны шуурга нам гүмхэн дарагдсан. Гэхдээ ард түмэн хүчтэй.  “Царцаан”-ны нүүдэлд дайгдаад Төрийн ордонд орж ирчихээд, ард түмнээ доромжилж суугаа зарим нэг баячуудаа буцааж аваач, хонгорчууд аа. Удахгүй “Хүүхдийн 20 мянга их байна. Эмч, багш, сувилагчийн одооны цалин ч ихдэж байгаа, хасъя” гэх вий дээ, наад “тэрэгчид” чинь.