УИХ-ын танхим нэг л биш болчихжээ. Энд орсон хүн нэг бол мэдэн будилагч, эсвэл мангар, манарсан хоёр нь мэдэгдэхгүй болчих юм. Ер нь УИХ-ын гишүүн хүн юу ч хамаагүй ярьж, ярьсан хэлсэнээ мэдэхгүй мэт дүүнгэ царайлах нь энэ танхимын имиж гээд нууц дүрэм гаргачихсан юм болов уу. Энгийн иргэд элитүүдийн үйлдлийг ойлгохгүй болжээ. Саяхан л нийгмийн хурц асуудлыг хөндөж, халуун цэгээс сурвалжлага хийгээд гүйж явсан үзэг нэгтэн маань УИХ гэх энэ “хадны мангаа” шиг газар руу ороод манараа болчихож. Уг нь гайгүй сэтгүүлч л дээ. Гэтэл зүүж яваа гурван сая төгрөгийн үнэтэй ороолтоо хэнийх болохыг ч мэдэхээ болчихож. Эхлээд манай найзынх гэж манарсан. Дараа нь туслахынх болж хувирсан.
Хөөрхий дөө эдлэж яваа эдээ хэнийх болохыг мэдэхгүй байж, эх орны хувь заяаг шийдэх хууль батлана гэдэг юу л бол. Ер нь л барьсан тавьсанаа мэдэхгүй хөгшид шиг болжээ. Тэрээр УИХ-ын саяханы чуулган дээр “УИХ-ын гишүүд ёс зүйн дүрэмгүй болохоор ингэж авирлаж, ЖДҮ гэх мэт асуудалд орооцолдоод байна. Та нар намайг дэмжвэл би ийм хуулийн төслийг санаачлаад оруулж ирж болно ” гэж цэцэрхэв. Гэтэл ангийнх нь “хүүхэд” ийм хууль 2009 онд батлагдаад, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэдгийг сануулав. Манарсан улс төрч маань үүнийг харин анзаарч ичих булчирхай нь ажилласан болов уу гэмээр хэнэггүй харагдсан. Өөрсдийнхөө хэм хэмжээг мэдэхгүй. Мэдэхийг хүсдэггүй. Дураараа авирлаж, мэдэх мэдэхгүй сэдвээр мэдэмхийрэгч улс төрч олширчээ. Тэдний тод төлөөлөгч нь М.Оюунчимэг болон тодорч, сүүлийн хэд хоног манарч манаргав.