Шатахууны үнэ өчигдрөөс эхлэн 100 төгрөгөөр буурсан. Тэгвэл шатахууны үнийн зохицуулалт болон зарим асуудлыг ШӨХТГ-ын дарга Б.Лхагваас тодрууллаа.
-Шатахууны үнэ 100 төгрөгөөс илүү буурах боломж байсан уу. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас энэ талаар хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?
-Шатахуунтай холбоотой асуудлаар иргэд маш их бухимдалтай байна. “Роснефт” компанийн бүтээгдэхүүний үнэ болон валютын хэлбэлзлээс шатахууны үнэ шууд хамаарч байгаа. Ашигт малтмалын газарт газрын тосны үнэ бүрдэлтийг нээлттэй болгох шаардлагыг удаа дараа тавьсны эцэст, үнийн мэдээллээ олон нийтэд өгдөг болсон. 2018 оны арванхоёрдугаар сарын хилийн үнэтэй харьцуулахад 2019 оны нэгдүгээр сард 60-70 ам.доллароор буурсан хэдий ч шатахууны үнэ дорвитой буурахгүй байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бууруулах шаардлага тавьсан. Цаашдаа ч шатахууны үнийг буулгах талаар шаардлага тавьсаар байх болно. Өнөөдөр шатахууны үнэ 100 төгрөгөөр биш 200, 300 төгрөгөөр буурах нөхцөл бүрдлээ. Тиймээс нефть импортлогч аж ахуй нэгж байгууллагууд, автомашин эзэмшигчдийн санаанд хүртэл буулгахыг иргэд хүсч байгаа. Бидний зүгээс арванхоёрдугаар сард орж ирсэн шатахуун хэзээ дуусаж, хэзээнээс буурсан үнээр шатахуун иргэдэд хүрэх талаар мэдээллийг нээлттэй өгөхийг шаардаж байгаа.
-Хууль эрхзүйн зохицуулалт хангалтгүй байгаа учраас шатахуун импортлогч компаниуд дураараа шийдвэр гаргаж байна уу. Танай байгууллага ер нь ямар үүрэгтэй үнийн асуудалд оролцдог вэ?
-Бензин шатахуун, нефтийн бүтээгдэхүүнтэй холбоотой хууль манай улсад байдаг. Энэ хууль батлагдаад бараг 10 гаруй жил болж байхад өнөөдрийг хүртэл нэмэлт өөрчлөлт хийгдээгүй. Харамсалтай нь энэ хуульд манай байгууллагатай холбоотой заалт байдаггүй. Өнгөрсөн жил бидний зүгээс нефтийн бүтээгдэхүүний хуулийг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй, уг хуульд манай байгууллагаас хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой зааж өгөх шаардлагатай байна гэдэг хүсэлтийг гаргасан. Хуулийг шуурхай боловсруулж гаргаж мөрдсөнөөр байнга бухимдал үүсгэж байдаг шатахуунтай холбоотой асуудал бага багаар шийдэгдэнэ. Үгүй бол энэ төрлийн асуудал байсаар байна. Иргэд олон нийт ч бидэнд хандсан хэвээр байх болно. Өрсөлдөөний хуулиар үнэтэй холбоотой асуудлыг давамгай болон монополь аж ахуй нэгжүүдийн хүрээнд авч үздэг. Жишээ нь нефтийн компаниуд төрийн зохицуулалттай шийдэж байгаа тул тэдгээр аж ахуй нэгжүүд үгсэн хуйвалдлаа гэдэг асуудлаар тогтоогдох боломжгүй. Тиймээс үнийн зөвлөл ажилладаг. Үнийн зөвлөл шийдвэр гаргахад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас саналын эрхтэй оролцдог. Шатахууны үнэ нэмэхгүй байх, төрийн зохицуулалтын хэмжээний санал хэлдэг боловч олонхийн саналаар шийдвэр гарчихдаг.
-Өнгөрсөн онд гарсан өргөдөл гомдлын биелэлт хэр байв?
-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 12- 84 төвд нийтдээ 2593 өргөдөл гомдол ирсэн. Эдгээрийн 7.3 хувь буюу 178 хэрэглэгчийн 28.8 сая төгрөгтэй холбоотой хохирлыг барагдуулсан байна. 2018 онд авсан торгууль шийдвэрийн хувьд Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд 1.8 тэрбум төгрөгийн торгууль тавьсан. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн хүрээнд 95.6 сая төгрөгийн торгууль, Зар сурталчилгааны тухай хуулийн хүрээнд 27 сая төгрөгийн торгууль, Зөрчлийн тухай хуулийн хүрээнд 4.5 сая төгрөгийн торгууль, нийтдээ 1.9 гаруй тэрбумын торгууль тавьж улсын орлого болгосон. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2019 оныг “Хариуцлагатай хэрэглээ, хэрэглэгчийн эрхийн жил” болгон зарлаж байгаа. Энэ хүрээнд хамтын ажиллагааны буюу хөгжлийн гурвалжин гэсэн томъёоллыг гаргаж, хэрэглэгч, бизнес эрхлэгчдэд төрийн байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой ажиллах вэ гэдэг асуудлыг хөндөж тавилаа. Хөгжлийн гурвалжинг яам, төрийн байгууллага, төрийн бус байгууллагууд дэмжиж ажиллахаа илэрхийлээд байна. Энэ гурвалжинг хэрэгжүүлснээр хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж чадна гэж үзэж байгаа.