ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Шударга бусын хонгил

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2019-01-15

Шөнөөр хуралдсан УИХ-ын чуулган өндөрлөхтэй зэрэгцэн Засгийн газрын ордны хонгилоор УИХ-ын дөрвөн гишүүн ихэд “додигор” алхаж одов. Энэ дөрөв бол дүүгийнхээ компанид ЖДҮХС-гаас барьцаагүйгээр зээл авчихсан Д.Дамба-Очир, зээлийнхээ материалыг бүрдүүлж өгөхдөө хүүгийнхээ нэр дээр компаниа байгуулаагүй байсан Г.Солтан, бусдад нөлөөлж зээл авсан, авсан зээлээрээ өмнөх өрөө дарсан гэх Л.Энхболд, зээлийн сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан ч компаниа шалгаруулалтад буцааж тэнцүүлж чадсан, хамтран оролцсон Б.Ундармаа нар байлаа. Шөнө дөлөөр хуралдсан чуулганаар УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ үлдсэн дөрвөн гишүүний алхаж одох нь ч аргагүй. Бүрэн эрхтэй байх ийм сайхан. Шударга бусын хонгил гэж ийм зүйлийг хэлдэг бололтой.

Дүүргүүдийн эмнэлгийн хонгилд ханиа­данд халуурч уйлалдсан хүүх­дүүд, хэндээ гомдохоо мэдэхээ бай­гаад хажуудахдаа бачимдах эцэг, эх­чүү­дээр дүүрчээ. Арга чаргатай нэгэн нь аль хэдийнэ гадагшаа явж, арай боломжтой нь хувийн эмнэлэг бараад­лаа. Харин аргаа барсан хэд нь энд хонгилд, тэнд шалан дээр, тээр тэнд шатан дээр хүртэл хэвтэж эмч­лүүл­нэ. Эндээс эдгээд гарах болов уу эсвэл нэмээд өвчин олоод гарах болов уу гэдгийг би битгий хэл биднийг даасан бурхан ч хэлж үл чадах биз. Шударга бусын хонгил энд ч үргэлжилдэг бололтой.

Яамдын хонгилд улаан хивс дэвсээтэй агаад төрийн тусгай хамгаалалттай байр гэсэндээ эл хуль аж. Хаа нэгтэй гутлынхаа өсгийг дуу гаргахаас сэргийлж намсхийн алхах хэдэн мэргэжилтнээс өөр хүмүүс бараг л холхихгүй. Түрүүнд бичсэн эмнэлгийн хонгил, яамдын хонгил хоёр эсрэг тэсрэг, эрс өөр аж. Болдогсон бол энэ их зай талбайтай байранд багтаж шингэхээ байсан эмнэлгүүдээ нүүлгээд оруулахсан. Харамсалтай нь авлига, албан тушаалын наймаа үүр уурхай болсон, аль эсвэл албан тушаалаа булаацалдаж нэгнээ хөнөөдөг хонгил болсон энэ газарт нүүгээд ирвэл хийморьт муу биз. Шударга бусын хонгил энд бас байна.

Нэгэн УИХ-ын гишүүн бэлэг эрхтнийхээ зургийг эхнэрээсээ өөр эмэгтэйд илгээжээ. Өнөөх эмэгтэй түүнийг нь хэвлэлээр дэлгэж,  “Намайг бэлгийн дарамтад оруулдаг. Зодсон” хэмээн мэдүүлэв. Өнөөх гишүүн өнөөдөр Төрийн ордныхоо хонгилд бүрэн эрхтэйгээр “гэлбэлзэн” алхалж явна. Харин бүтэн нэр нь үлдэж чадсангүй. Шударга бусын хонгилд ийм хүмүүс алхалсаар л явна.

Гадаад улсын элчингүүдийн хонгилд виз мэдүүлэх хүмүүсийн цуваа тасрахгүй. Мал заазлахад нас шүд, кг-ыг нь үздэг шиг манай иргэд хамаг намтар, удам судар, чаддаг мэддэг бүхнээ тайлагнана. Арай л нугарч хугарч, дуулж бүжиглэж үзүүлэх нь холгүй хөл хөөрцөг болно. Өвчингүй эрүүл, бие тэнхээ сайтай гэдгээ батална. Аз таараад виз дарагдвал “боол”-ын хөдөлмөр эрхлэх эрхтэй гэсэн үг. Ордноос эхэлсэн шударга бусын хонгил ондоо улсын элчингийн хонгилд ч бас байдаг бололтой.

Будаа, гурил тараахаас хэтэрдэггүй нэгэн баян гишүүн бий. Манайхан ажилдаа ирдэггүйг нь шоглоод парламентын “сарын тэмдэг” хэмээн хочилдог юм. Нийт ард иргэдийг төлөөлнө гэж сонгогдчихоод, албан тушаалын аваа, өгөөнөөс бусад тохиолдолд чуулганд ирдэггүй сонин нөхөр л дөө. Гэсэн атал сүрэг мэнд, тоо бүрэн гэдэг шиг цалин бүтэн, урамшуулал арвин явна, тэр. Өөрөө цэнхэр батлахтай, эгч нь харин улаан батлахтай дэвшээд, УИХ-ын гишүүн болчихсон юмдаг. Дүү нь хүртэл ЖДҮХС-гаас зээл ав­сан нь илрэхэд “Хажуу дахь эрдэнээ таньсангүй. Зээлийг нь төлөөд өгчихнө” хэ­мээн хачин зүйл ярьж сууна. Шударга бу­сын хонгилоор ийм л хүмүүс холхидог аж.

Гэр хорооллын гудмаар хоёр айлын цаадах харагдахгүй утаатай байгаа. Амны хаалтгүй хүүхдүүд хахаж, цацан явна. Энд өвөлдөө утаа униар, хавартаа шавар намаг зундаа үнс, нурам, өмхий самхай, намартаа шавар шалбааг, тоос шороонд манаргасан амьдрал үргэлжилнэ. Өнөөх л шударга бусын хонгил гэр хорооллын гудамжинд хүртэл байх юм. Ялгаа нь гэвэл харин ядарсан ард түмэн явж байна.

“Ядруу хүн ял авах нь амархан. Чадруу хүн ял завших нь амархан” гэх шүүхийн хонгилд хүмүүс хөглөрнө. Энд хэн нэгэн багахан алдаад ихээхэн ял авч мэднэ. Эсвэл ихээхэн хэрэг хийгээд огт хэрэгсэхгүй гарч магадгүй. Хар нөмрөг нөмөрсөн хамарт нь баас түрхчихсэн аятай шүүгчид хаа нэгтэй харагдана. Хаадаас ч илүү эрх мэдэлтэй тэд их баян хүмүүс. Ямар сайндаа л Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хүртэл “Монголын 512 шүүгч дотор хадгаламждаа тэрбум төгрөгтэй ганц шүүгч байж болно биз дээ” хэмээн өмөөрсөн тохиолдол бий. Насаараа ажиллаад тэрбум төгрөгийн цалин авахгүй шүүгчийн дансанд тэрбум төгрөг байх нь Монголд бол хэвийн үзэгдэл. Шударга бусын хонгил үргэлжилсээр...

Сүүлийн үед улстөрчид шударга бусын хонгилын талаар барин тавин ярих болжээ. Үнэндээ Төрийн ордноосоо авахуулаад эмнэлэг, сургууль, цэцэрлэгт, гэр хороол­лын гудамжинд, шүүхийн танхимд, цаг­даа­гийн хэсэгт, шоронд, торонд хаа сайгүй тэр хонгил чинь бий болчихлоо. Энэ бол төр засаг, хэн нэгэн улстөрчийн гэхээсээ илүүтэй та бид бүгдийн бий болгосон хонгил билээ.