“Гоёо” ХХК-ийн үйлдвэрийн ээрмэлийн агуулахад засварын ажил хийж байсан гурван хүн угаартаж, нэг нь нас барсан хэрэг 2018 оны аравдугаар сарын 12-ны шөнө гарсан билээ. Мөн тэр өдөр “Гоёо” ХХК-ийн 14 ажилтан угаартсан байдаг юм. Тэгвэл хэрэг гарах үеэр амь насаа алдсан залуугийн ах О.Мөнхболд манай сонинд хандаж, ярилцлага өглөө.
-“Гоёо” ХХК-ийн үйлдвэрийн байранд осол гарч, олон хүн угаартсан. Чухам юунаас болоод тийм асуудал үүсчихсэн юм бол?
-2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр “Гоёо” компанийн үйлдвэрт миний дүү хоёр хүний хамт ажиллаж байсан юм билээ. Улмаар шөнө нь үйлдвэрийн байранд байсан хүмүүс угаартсан байдаг юм. Дүү маань үйлдвэрийн байрнаас гараад л уначихсан гэсэн. Улмаар түргэн тусламж дуудаж, эмнэлэгт очсон боловч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан. Нөгөө хоёр хүний нэг нь сэхээн амьдруулах тасагт очсон. Нөгөөх нь гайгүй байсан учраас эмчилгээгээ хийлгээд, гайгүй өнгөрсөн байдаг юм. Үйл явдал болж өнгөрсний дараа хэвлэл мэдээллийн байгууллагууд надаас ярилцлага, сурвалжилга авахаар ирсэн. Тухайн үедээ хэвлэлд ярилцлага өгөөгүй. Яагаад гэвэл Шүүх эмнэлгийн болон Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсны дараа мэдээлэл өгье гэдэг байр суурьтай байсан юм. Өмгөөлөгч маань ч гэсэн тэгж зөвлөсөн. Улмаар 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Тэр дүгнэлтээр бол угаартаж нас барсан. 25 хувийн буюу хамгийн өндөр угаарталттай гэсэн хариу гарсан. Дараа нь арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан. “Гоёо” болон “Мөнх хаш” гэдэг хоёр компанийн хоёулангийнх нь буруутай үйлдлээс болж энэ хүн нас барсан гэсэн дүгнэлт гарсан юм.
-Чухам ямар шалтгааны улмаас угаартсан юм бэ?
-Асфальтан зам зүсдэг том дөрвөлжин моторт техник байдаг даа. Тийм техникээр “Гоёо” компанийн үйлдвэрийн шалыг зүсч байсан юм билээ. Тэгэхдээ тухайн хэсгээ тусгаарлаад, гялгар цаасаар хаачихсан. Бүр агааржуулалтын системийг нь хүртэл хаачихсан, ямар ч агаар орохгүй нөхцөлд ажилласан. Тийм нөхцөлд хоёр цаг орчим бетон шал зүссэн байдаг юм. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь “Мөнх хаш” компани хариуцах ёстой байсан юм билээ. Ажлын тендер зарлахад нь “Мөнх хаш” гэдэг компани ялж, авахгүй юу. Улмаар өнөөх ажлаа хүмүүсээр хийлгэж байхдаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг дутуу хангаснаас болоод дүү минь нас барчихлаа. Мэргэжлийн хяналтаас дүгнэлт гараад, хоёр компанийг хоёулаа буруутай гэж үзсэн талаар би хэлсэн дээ. Тиймээс “Гоёо” компани руу бид өмгөөлөгчөө явуулаад, Хөдөлмөрийн хуулийн дагуу олгогдох ёстой нөхөн төлбөрийн асуудлыг яриулахаар болсон юм. Өмгөөлөгч маань очоод “Гоёо” компанийн хуулийн зөвлөх н.Хосбаяр гэдэг хүнтэй уулзсан. Эхэндээ бидний санал хүсэлтийг сонсоод, удирдлагууддаа танилцуулахаар болсон байдаг. Харин дараагийн удаа уулзахад н.Хосбаяр гэдэг хүн “Манай компани буруугүй. Шүүхийн байгууллагаар шийднэ” гэж ярьсан. Шүүх эмнэлгийнхэн угаартаж нас барсан гэдэг дүгнэлт гаргасан. Мэргэжлийн хяналтынхан “Гоёо”, “Мөнх хаш” компани буруутай гэдэг дүгнэлт гаргачихаад байхад манайх буруугүй гээд байгаа байхгүй. Би цаагуураа ашиг сонирхлын зөрчил яваад байна уу гэж хардаж байгаа. “Гоёо” компанийн сурталчилгааг телевизээр хардаг юм. “Гоёо” гэдэг нэрнээс нь дэлхийг гоёх сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, гадаад руу бүтээгдэхүүнээ гаргадаг, том компани гэж боддог. Тийм том газар хүний амь насыг өчүүхэн төдий ч бодохгүй байгаа. Би “Гоёо”, Мөнх хаш” компанийн удирдлагуудад үнэхээр гомдолтой байгаа. Одоогийн байдлаар эдгээр компаниудын зүгээс бидэнтэй ямар ч холбоогүй. Тэнд хүний амь нас үрэгдээд, буяны ажлыг нь хийж байна даа гээд ярих ч хүн байхгүй. Энэ асуудал цаашид өндрөө авбал би өмгөөлөгчтэйгөө хамт хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өгье гэж бодож байгаа.
-Та нар тэгээд нэг л удаа уулзсан юм уу?
-“Гоёо” компанийн үйлдвэрийн байдлыг очиж үзээд, чухам яагаад угаартчихав гэдгийг нь мэдэх гэж очихдоо л нэг удаа хүмүүстэй нь уулзсан. Түүнээс хойш огт уулзаагүй. 49 хоногийн буяны ажил нь саяхан дууссан. Тэр болтол ганц ч уулзаагүй, яриагүй. Өмгөөлөгч маань нэг удаа уулзаж, санал хүсэлтээ тавьсан. Түүнээс хойш бас уулзаагүй л байна.
-Хүний амь хохирсон, мэргэжлийн байгууллагууд нь дүгнэлтээ гаргасан. Мөрдөн байцаалтын шатанд хэрэг нь явж байна уу, прокурор руу шилжсэн үү?
-“Гоёо”, “Мөнх хаш” компани үйлдвэрийн ослын дүгнэлт, актыг гаргаж өгөх ёстой. Хуулийн хугацаа нь ямар байдгийг нарийн мэдэхгүй байна. Гэхдээ одоо болтол энэ байгууллагууд дүгнэлтээ гаргаж өгөөгүй байгаа. Үүнийг гайхаж байна. Хэргийн мөрдөн байцаалт дуусаад, прокурор руу шилжчихсэн. Удахгүй шүүх хурал нь болох байх. Гэхдээ түүнээс өмнө Хөдөлмөрийн хуулийн дагуу тэр компаниуд бидний хохирлыг барагдуулж өгөх ёстой. Гэтэл огт хөдлөхгүй байгаа. “Мөнх хаш” компанийн удирдлагууд буруутай гэдгээ мэдэж байгаа гэж ойлгож байна, “Гоёо” компанийнхан болохоор огт буруугүй гээд дайраад байгаа юм.
-Мөнх хаш” компанийн удирдлагуудтай уулзсан уу. Юу гэж байх юм?
-“Мөнх хаш” компанийн захиралтай нэг удаа уулзсан. Тэр хүн “Би буруутайгаа мэдэж байгаа” гэсэн утгатай зүйл ярьсан. Одоо хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа болохоор хамаагүй ярьж болохгүй байна. Гэхдээ “Мөнх хаш” компанийн захирал бидэнтэй утсаар ярьж, уулзаж байгаа. “Гоёо” компанийнхан болохоор “Мөнх хаш” руу л хамаг буруугаа чихээд өнгөрөх гэж хичээгээд байна уу гэж хардаж байгаа. Гэхдээ “Мөнх хаш” компанийнхан болохоор “Гоёо” ч адилхан буруутай гэдэг зүйлийг хэлдэг юм. Бидний хувьд “Гоёо” нь буруутай бол хариуцлагаа хүлээ. “Мөнх хаш” нь буруутай юм бол бас хүлээх ёстой хариуцлагаа хүлээх л хэрэгтэй гэдэг өнцгөөс хандсан. Гэтэл мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр хоёулаа буруутай гээд гарчихлаа. Тийм байхад яагаад “Гоёо” компанийнхан өөрсдөөсөө бурууг түлхэх гээд байгаа юм. Нэгэнт мэргэжлийн байгууллага дүгнэлтээ гаргаж, угаартаж нас барсан гээд тогтоочихлоо. Ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Толгойны бага зэргийн өвчин байсан ч энэ үхэлд нөлөөлөгүй байна гэсэн. Мэргэжлийн хяналтынхан “Гоёо” компанийн үйлдвэрийн газар ажиллах үед хөдөлмөр хамгааллыг 100 хувь хангаж өгөөгүй гэдэг дүгнэлт гаргачихсан.