НИТХ-ын 36-р хуралдаан өчигдөрхөн болж өндөрлөлөө. Тус хуралдаанаар Улаанбаатар хотыг цаашид “хэн удирдах вэ” гэдэг асуудлыг хэлэлцсэн билээ. Хэдийгээр Нийслэлийн МАН-ын бүлгээс одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг дэвшүүлсэн ч танхимаас өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн С.Мөнхчулуун эцсийн дүндээ ялагч болсон юм. Тэрбээр хуралд оролцсон 43 төлөөлөгчийн 24-ийнх нь саналыг авснаар дараагийн нийслэлийг удирдах хүнээр эдүгээ тодроод байна.
Одоо түүний нэрийг МУ-ын Ерөнхий сайдад өргөн мэдүүлж, батламжлуулах л үлдсэн хэрэг. Ямартай ч өөрийнхөө нэрийг танхимаас дэвшүүлж, ялалт байгуулсан түүний хувьд инженер мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр зэрэгтэй нэгэн. Ажлын туршлагын хувьд ч төрд мэргэжилтнээс эхлээд Тамгын газрын дарга хүртэлх албыг чамгүй олон жил хашсан боловсон хүчин. Мөн намын ажлын хувьд ч тэр жир гишүүнээс НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга хүртэл сонгуульт ажил хийж байсан, МАН-ын бага хурлын гишүүн билээ.
Ямартай ч түүний эзэмшсэн боловсрол, ажилласан туршлага нь бол хот гэдэг их айлыг аваад явахад гологдохгүй нэгэн. Намын нөхөд нь ч түүнийг ийнхүү үнэлэн дэмжлээ. Харин одоо МУ-ын Ерөнхий сайд, журмын нөхөр У.Хүрэлсүх дэмжиж, батламжлах үгүйг нь харах л үлдлээ. Ямартай ч танхимаас тэр өөрийнхөө нэрийг дэвшүүлээд тодорч чадлаа. Тамга барих эрхээ засгаар харин батламжлуулж чадах болов уу.