ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Алтан загасны эмгэн”

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-20

“Би сайд болж доошоо орохгүй. Надад өөрийн гэсэн итгэл үнэмшил бий. Итгэл үнэмшлээ худалдаад сайдын албан тушаал руу гүйдэг тийм алиа гар биш” гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр томров. Цаг хугацаа хувирч өөрчлөгдөнө гэдэг сонин юм. Хүн өнгөрсөнөө мартана гэдэг мөхөхийн эхлэл гэсэн үг байдаг. Н.Номтойбаяр гэдэг хүний гишгэсэн мөр, хэлсэн үг нь мартагдаагүй байхад ингэж хувирна гэдэг бас гайхамшиг ч байж болох юм.

Тэрбээр намынхаа шинээр баригдаж байгаа байрны санхүүжилтэд 500 сая төгрөг хандивлаж 2012 онд Хөдөлмөр, нийгмийн хамгаалал яамны дэд сайд болж байлаа. Хэн ч мэдэхгүй нэг банди ийнхүү мөнгөөр сайдын суудалд сууж, удалгүй Дорнод аймагт нэр дэвшин УИХ-д орсон. Үүний дараа 2016-2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгаалал яамны сайд болон “доошоо орж” явжээ. Эндээс харахад албан тушаал хөөцөлддөггүй сайхан гэгээн хүн биш юм аа.

Мөнгөөр асуудлыг амархан шийдэж болдог гэдгийг харин сайн мэдэрсэн нэгэн гэж харагдаад байгаа юм. За яах вэ, мөнгөтэй хүн лаагаа идэх, луувангаа идэх нь хэнд хамаатай гэж бодтол бас нэг ойлгомжгүй үйлдэл харагдаад болдоггүй. Сүүлийн үед эрхэм гишүүнийг огт ойлгохгүй болоод байна. Дорнод аймгийн сонгогчдыг төлөөлж УИХ-д сууж байна уу. Эсвэл “Монголын алт” ХХК-ийг төлөөлөн сууж байна уу гэдэг нь огт мэдэгдэхгүй боллоо.

Уг нь УИХ гишүүн хүн улс орны болон тойргийнхоо сонгогч түмний тулгамдаж байгаа асуудлыг л ярьдаг баймаар. Түүнийхээ төлөө тэмцдэг байх ёстой юм шиг санагдана. Гэтэл Н.Номтойбаяр гишүүн ам л ангайвал “Монголын алт” ХХК-ийг өмөөрч сүртэй том мэдэгдэл хийдэг болов. Бүр сүүлдээ “Миний аав монголын эдийн засаг” гэж уран донгодож эхэллээ. Энэ хүн зүгээр байгаа. Цагаан суваргын орд газар монголчуудын амьдралын баталгаа юу эсвэл ганц гэр бүлийнх үү гэдгийг сайд байсан хүн ухаарах байх гэж ард түмэн чинь харж байх юм.

Гэтэл нөгөө залуу чинь ухаарах биш улам шунан дайрч, ард түмнийг доромжилж эхлэв. Түүний гаргаж байгаа авир яг л “алтан загасны эмгэн” шиг санагдана. Миний аав Цагаан суваргыг авч болсон юм. Одоо Монголыг эрхшээлдээ оруулж, ард түмэнтэй нь худалдан авч захирах хүсэлтэй байна гэж хэлээд байх шиг.