Хөгжим бүжгийн коллежийн төгсөгч Н.Бямбадорж цохивор болон утсан хөгжмийн олон улсын их наадамд түрүүлсэн сайхан мэдээ монголчуудыг өнгөрсөн долоо хоногт баярлууллаа. Тэрбээр БНХАУ-ын Хонгконг хотод энэ сарын 12-17-нд болсон “TOOLBOX academy 2019” цохивор болон утсан хөгжмийн их наадамд амжилттай оролцож ийнхүү тэргүүн байрын эзэн болсон юм. Уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс эхний ээлжид 500-аад хөгжимчин материалаа явуулснаас, цохивор хөгжмийн төрөлд шилдэг аравт эхлээд багтсан аж.
Улмаар уралдааны эцсийн шалгаруулалтад Америк, Хятад, Тайланд, Макао, Германы хөгжимчдийн хамт өрсөлдөн гол шагналын эзэн болжээ. Н.Бямбадоржийн хувьд өмнө нь Солонгосын үндэсний урлагийн их сургуулийн ахлагч цохивор хөгжимчин, 2018 “Mahlerian symphony orchestra”-ын цохивор хөгжимчин, Чэжү хотын симфони оркесторт тоглож байсан аж. Мөн АНУ-ын Сан Франциско хотын Стэйнфордын их сургуульд уригдан, өсвөрийн оркесторт нь ажилласан бөгөөд Монголынхоо “Виртуоза 2013” тоглолтод урилгаар тоглож байсан нэгэн юм.
Тэрбээр 2014 онд БНСУ-ын Сачион хотын Олон улсын бөмбөрийн их наадамд улсаа төлөөлөн оролцсоноос гадна, 2012 онд Ж.Чулууны нэрэмжит Олон улсын үлээвэр цохивор хөгжмийн уралдааны хоёрдугаар байр, 2013 онд Монголд мэргэжлийн цохивор хөгжимчин бэлтгэж эхэлсний 50 жилийн ойн уралдаанд дэд байр тус тус эзэлж байсан авьяас чадвар нь өсөж яваа залуу хөгжимчин билээ. Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа, залуу хөгжимчний цаашдын уран бүтээлд амжилт хүсье.