Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг АТГ-аас саатуулж, цагдан хориод байгаа. Түүнийг “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдоос дөрвөн сая ам.долларын авлига авсан хэрэгт холбогдуулан шалгаж, хорьсон. Т.Ганболдын ярилцлагадаа дурьдсан хүмүүсээс Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийг нь дарамталж дөрвөн сая ам.долларыг нь авсан гэх Д.Дорлигжав болон дүүг нь баривчилсан.
Харин асар их валютыг банкаараа оруулж гаргасан “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг АТГ-аас мөн л баривчиллаа. Т.Ганболдын ярианд нэр нь дурьдагдсан нэг эрхэм нь тэр. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин дөрвөн сая ам.доллартай холбоотой баримт дэлгэсний дараа Д.Баясгалан захирал Ч.Бямбаа гэдэг хүний хамтаар хэвлэлийн хурал хийж байлаа. Тэгэхдээ “Энд яригдаад байгаа гүйлгээний баримтууд ямар замаар гарсныг мэдэхгүй.
Энэ зөвхөн арилжаа, наймаатай холбоотой гүйлгээ байсан болохоос бус ямар нэгэн албан тушаалтан, улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг зохих газар нь хэлэхэд бэлэн байгаа” гэж хэлж байсан. Мөн Ч.Бямбаагийн хүсэлтээр ирсэн гэдгээ ч хэлж байсан түүхтэй. Сайд асан Д.Дорлигжав өөрөө хоёр сая ам.доллар дүүгийнх нь дансаар ороод гарсан. Андуурч хийсэн юм билээ гэж ярилцлага өгөхдөө хэлсэн удаатай. Бүхэл бүтэн хоёр сая ам.доллар данс андуураад хийчихсэн байхад хүнд нь мэдэгдэхгүй буцаагаад татна гэдэг гайхалтай л хэрэг.
Т.Ганболд болохоор “Голомт”-ынхон Ерөнхий прокурор уурлаад байгаа учраас андуурч хийсэн гээд бичиг хийгээд өг” гэж хэлсэн хэмээн ярьсан. Хэн хэнийх нь ярианаас үзэхэд, Д.Баясгалан хэргийн гол зангилаа юм биш үү. Харин сүүлийн үед гарч байгаа мэдээллээс харахад, АТГ “Голомт” банкаар дөрвөн сая ам.доллар орж гарсан гэдгийг нотолсон учраас түүнийг баривчилсан бололтой юм. Одоо түүгээр л зангилааг тайлуулах болов уу.