Эрх баригч МАН-ын гишүүд хоёр талцаж, дотоодоо тэмцэл өрнүүлж байгаа. Эх орноо хөгжүүлэхийн төлөөх биш идсэн, ууснаа нуух, эрх мэдлээ булаалдсан тэмцэл. Түүнийх нь үр дүнд УИХ-ын чуулганы хуралдаан хоёр сар орчим гацаж, батлах ёстой чухал хуулиудаа хэлэлцэж ч амжаагүй байна.
Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах саналыг УИХ-ын дарга М.Энхболдолд тавьсан. Үүнтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж эхэлжээ. Түүний нэг нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа. Үнэхээр хэлэлцэх шаардлагатай хуулийн төсөл байгаа бол чуулганы хугацааг сунгах нь зөв гэсэн бодол байгааг өөрөө хэлж байгаа.
Гэхдээ түүний чин хүсэл нь амрах гэдгийг ч хэлнэ билээ. “Яг үнэндээ жаахан амсхиймээр байна” гэж санаа алдангуй хэлэхдээ бухимдсан өнгө аясаа ч нуусангүй. Эрхэм гишүүн ард түмнийхээ төлөө “зүтгэсээр” ихэд ядарсан бололтой юм. Юун чуулган сунгах, бушуухан амрахын мөн болж байгаа аж. Аргагүй, МАНАН-г арилгах уриатай хэсэг нь чуулган гацааж байх зуур Д.Хаянхярваа гишүүн парламентын танхимд пүрэв, баасан гараг болгон ирж сууж байсан юм.
Цөөхөн гишүүнтэй үе байсан учраас үг хэлэх боломж ч их гарсан. Боломжоо ч тултал ашиглаж, ярих гэсэн бүхнээ ярьж, дайрмаар санагдсан болгон руугаа дайрсан. Багагүй ч бухимдсан байх. Тиймээс одоо амралт хэрэгтэй байгаа нь ойлгомжтой. Чухал шаардлагатай хууль хэлэлцэх энэ тэр яах вэ. Одоо ч бухимдаж яваа бүлгийн дарга асантан амралтаа аваад, хөдөө гадаа руу явж, бухимдлаа тайлахгүй бол дотроосоо дэлбэрэх гээд хэцүү байгаа биз. Шударга ёс “тогтоох”-ын төлөө хамаг уураа барьсан хүн амраг, амраг.