Сар бүрийн 25-нд ээлжит хурлаа хийдэг АТГ-ынхан өнөөдөр хуваарь ёсоор мэдээллээ хийлээ. Мэдээллийг Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Тамгын газрын дарга, Эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү нар мэдээлэл хийсэн юм.
Тэд Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад оффшор бүсэд холбогдох этгээдүүд нь 85.9 сая ам.долларыг байршуулж байсныг тогтоосон. Үүнээс 74.9 сая ам.доллар тодорхой хэлбэрээр Монгол Улсад орж ирсэн болох нь шалгалтаар тогтоогдоод байгаа аж. Үүний 4.3 сая ам.долларыг биет байдлаар хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд оруулж ирсэн байгаа талаар мэдээллээ.
Үүнээс гадна албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан нэр бүхий хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал, Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр, БСШУЯамны санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Батмагнай, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Ц.Баянсэлэнгэ, Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр, НӨХГ-ын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, ахлах мэргэжилтэн Э.Энхтулга, Төрийн орон сууц санхүүжилтийн корпорацийн хуулийн хэлтсийн дарга Б.Батбаатар, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга А.Мейремхан, ДЦС-4 төрийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал С.Анхбаяр зэрэг албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлээд байгаа аж.
Харин төрийн өндөр албан тушаалтнууд буюу УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Эрчим хүчний сайд асан М.Сономпил, Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, ТОСК-ийн А.Гантулга, МХЕГ-ын газар, хэлтсийн дарга Б.Аззаяа, Д.Баярсайхан нарын албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн 76 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.