ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол ялав

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-27

Солонгосын Инчён хотноо болсон Азийн наадамд оролцохдоо өрсөлдөгч тамирчнаа гурван үеийн турш балбасан ч ялагдаж байлаа, Н.Төгсцогт. Түүнийхээ дараа сонирхогчдын боксыг орхих шийдвэр гаргаж байв.  Түүний шийдвэр буруу байгаа­гүй гэд­гийг ердөө л дөрөвхөн жилийн дотор харуулж чадлаа. Тэрбээр 2015 онд мэргэжлийн боксын рингенд гарснаасаа хойш 11 тулаан хийж, бүгдэд нь яллаа.  Бүр есөн тоглолтод нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж аваад байна.

Түүний 11 дэх өрсөлдөгч нь Доминиаканы боксчин Клаудио Маррейро байлаа. Өчигдөр энэхүү тулаан болж, Н.Төгсцогт 12 үеийн турш илүүрхэн, өрсөлдөгчөө оноогоор ялсан юм.  Тэр мэргэжлийн боксын рингенд гарснаасаа хойш анх удаагаа бүтэн 12 үеийн турш тулалдлаа.  Өмнөх тулаануудын ихэнх нь 1-4 дүгээр үед хүнд цохилтоор өрсөлдөгчөө унагаж, өндөрлөж байсан.  

Энэ удаагийн өрсөлдөгч өмнөх тулалдсан тамирчдаас илүү ур чадвартай тулаанч гэдэг нь 12 үеийн тулаан хийснээс харж болно. Гэвч тэр бас л илүү байж, ялж,  IBO буюу Олон улсын боксын холбооны алтан бүсийг өөрийн болголоо.  Н.Төгсцогт аргагүй л тулалдах гэж төрсөн шилдэг тамирчин юм байна.  Дөнгөж 17-хан настай­даа сонирхогчдын бокс­ын дэлхийн аваргаас мөн­гөн медаль хүртсэн. 20 нас хүрээгүй байхдаа Лондоны Олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж, ямархуу чансаатай тамирчин боксын рингенд гарч ирж буйгаа чангаар зарласан.

Гэвч сонирхогчдын боксын ертөнц шүүлтийн булхайгаа арилгаж чадалгүй нэгэн шилдэг тамирчнаа алдсан юм. Н.Төгсцогт сонирхогчдын боксын ертөнцийг донсолгож гарч ирсэн шигшээ мэргэжлийн боксынхны дунд ч цахиур хагаллаа.  Тэр жинхэнэ аварга хүний зангаргийг харуулж, аваргын бүсийн эзэн боллоо. Түүний замнал одоо л эхэлж байна. Н.Төгсцогт жиндээ авч болох бүхий л цолыг авч, бүсийг нь зүүнэ биз ээ. Тийм чадвар, чансаа, хичээл зүтгэл, хүч түүнд бий.