Улс төрд гэнэтхэн цоорч, суга татагдан гарч ирсэн хүмүүсийн нэг нь Ж.Эрдэнэбат. Тэрээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар мэргэжилтэн, хэлтсийн дарга, Засаг дарга гэсэн шатаар ямар ч саадгүй алхаж, нэг л мэдэхэд УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Ерөнхий сайд гэсэн дараалалаар ногоон гэрлээр дахин орж явчихсан. Гэтэл гарч ирсэн шигээ мөн л гэнэт алга болчихсон. Ерөнхий сайдын суудлаас бууснаасаа хойш хааяа УИХ-ын танхимд харагдаж, дуугүйхэн суухаас өөрийг хийгээгүй.
Улс төр бужигнаж, 60 тэрбум, ЖДҮ-ийн сангийн асуудал ид яригдаж, УИХ-ын танхимд гал гарах шахаж байхад дүлий мэт тэр дуугүй л байсан. ЖДҮ-ийн зээлийн асуудлаас болж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцоруулах тухай ярилцаж, танхим доргиж байхад тэр юу ч мэдрээгүй. Мөн л дугараагүй. Дүлийрсэн дүүнгэтсэн хоёр нь мэдэгдэхгүй сууж л байсан.
Гэтэл УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр гэнэт дуу орж, ой санамж нь ажиллаж “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг хувааж, сангаас болон банкуудаар дамжуулан олгодог байсан. Банкаар дамжуулахаар долоон хувийн хүүтэй болчихдог. Ингэж олгохоор хүмүүс барьцаж эхэлсэн. Ямар нь долоон хувийн хүүтэй зээл аваад ямар гурван хувийн хүүтэй зээл авдаг юм гэсэн яриа их гардаг байсан.
Үүнийг таслан зогсоох зорилгоор ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлийг сангаас олгодог болгосон. Ерөнхий сайд байхдаа гаргасан миний энэ шийдвэр УИХ-ын гишүүдийг бага хүүтэй мөнгө зээлэх боломж бүрдүүлсэндээ би одоо харамсаж байна. Таван толгойн гэрээтэй холбоотой асуудал манай Засгийн газрын үед огт яригдаж байгаагүй” гэж хэллээ. Түүний үг үнэн гэхээсээ илүү үнэнч нөхрөө хамгаалсан эцсийн дайралт болж хүмүүсийн чихэнд хүрч байна. Унаж байгаа нөхрөө хамгаалах гэсэн энэ бүтэлгүй оролдого өөрийг нь дэгээдэж унагалаа.